logo
Хүүхдийн эсэн мэнд амьдрахуйг дээшлүүлэх хосолмол стратеги удахгүй хэрэгжинэ

Хүүхдийн эсэн мэнд амьдрахуйг дээшлүүлэх хосолмол стратеги удахгүй хэрэгжинэ

2013/05/07
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй, хөгжлийн чиглэлээр боловсруулах ХМХ-ны /Хөгжлийн мэдээлэл, харилцаа/ стратегийг төлөвлөх” уулзалтыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Семинарыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлсэн бөгөөд тэрээр “Гэр бүлийн хөгжилд хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудалд онцгой байр суурийг эзлэх бөгөөд үр хүүхдээ эрүүл саруул өсгөхөд эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдний хүүхэд асран хамгаалах дадал зуршлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачилж буй бодлого стратегийг дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтаар эх хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн өндөр үр дүнтэй арга хэмжээг эрүүл мэнд, хоол тэжээл, усан хангамж, ариун цэвэр, бага насны хүүхдийн хөгжил зэрэг олон салбарын оролцоотойгоор сайжруулахын тулд нийгэм экологийн загварыг Монгол улсад нэвтрүүлэхээр эхэлж байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачилж буй хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн С4D гэдэг нь эцэг эх асрахад нэн шаардлагатай цогц мэдээллээр хангаж, тэдний хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулахад туслах, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөртөө итгэл үнэмшилтэй шийдвэр гаргахад нь туслахад чиглэгдсэн стратеги төлөвлөгөө юм.

Уулзалтын үр дүнд бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрахуйг дээшлүүлэх хөгжлийн харилцааны хосолмол стратеги гарах бөгөөд ЭМЯ гардан хэрэгжүүлэх юм. Ингэснээр Мянганы хөгжлийн зорилтын 4 дүгээр зорилтод хүрэх амжилтыг бататган улам хурдасгах боломжтой болж улмаар эцэг эх, үйлчилгээ үзүүлэгчдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхээр Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн амжилтаа илүү тогтвортой болгох юм.

Семинарт ЭМЯ-ны төлөөлөл, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, НЭМҮТ ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Нийслэлийн ЭМГ, ЭМШУИС, МУБИС, Налайх дүүрэг, Хөвсгөл аймгийн НЭМХ, Хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд оролцож байна. Семинар 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш