logo
Дэлхийн “Экспо-2020” үзэсгэлэн зохион байгуулах эрхийн төлөө сонгуульд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Дэлхийн “Экспо-2020” үзэсгэлэн зохион байгуулах эрхийн төлөө сонгуульд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

2013/05/07
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

   ОХУ 2020 онд болох дэлхийн “Экспо-2020” үзэсгэлэнг зохион байгуулах хотын сонгуульд Екатеринбург хотынхоо нэрийг дэвшүүлээд байгаа бөгөөд энэ оны Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн хурлын үеэр болох сонгууль дээр Монгол Улсаас дэмжлэг авах хүсэлтээ илэрхийлэхээр ийнхүү төлөөлөгчдөө илгээсэн байна.

   ОХУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргатай уулзах үеэрээ “Экспо-2020” дэлхийн үзэсгэлэн зохион байгуулах эрхийг авахад олон жилийн найрамдалт харилцаатай, стратегийн хөрш орон болох Монгол Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд үзэсгэлэнг зохион байгуулагч орноор шалгарсан тохиолдолд энэ нь Төв Азийн бүс нутгийн нэр хүндийг өргөхөд чухал нөлөөтэй байх нь дамжиггүй гэдгийг тэмдэглэв.

   Мөн өнөөгийн Екатеринбург хот нь техник технологийн шинэчлэлийн төв болж хөгжиж байгааг илэрхийлэх олон үзүүлэлтийн нэг болох Уралын оптик механикийн үйлдвэрт алдарт Сиеменсийн технологиор хийгдсэн дутуу нярайн эмнэлгийн тусламж үйлчилгээний бүрэн тоног төхөөрөмжийг дэлхийн олон улсад ашиглаж, хэдийнээ нэг сая 500 мянган хүүхдэд амьдрал бэлэглэсэн сайн туршлага байгаа тухайгаа төлөөлөгчид ярилаа.

   Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд яваа ОХУ-ын Төрийн Думын гишүүн асан, ОХУ-ын ТУХН, гадаадад суурьшсан иргэдийн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлагийн дарга К.И.Косачёв “Дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний бүрэн тоног төхөөрөмжийг Монголын нялхаст бэлэг болгон өгч байна. Энэ бол ямар нэгэн хариу нэхсэн үйлдэл биш, бидний чин сэлтгэлийн бэлэг юм” гээд 150 мянган ам.долларын эрхийн бичгийг Монгол Улсын төрөх эмнэлэгт хүлээлгэн өгөөрэй хэмээн УИХ-ын даргад гардуулав.

   Дэлхийн “Экспо-2020” үзэсгэлэнд Туркийн Измир, Тайландын Аюуттаяа, ОХУ-ын Екатеринбург, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай, Бразилийн Сан Паоло хотууд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа аж. Үзэсгэлэнг зохион байгуулах хотыг Олон улсын үзэсгэлэнгийн товчооны 163 гишүүн орны 50-иас дээш хувийн саналаар сонгодог. Харин өрсөлдөгч хотуудын нэг нь ч 50 хувийн санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хотыг дахин өрсөлдүүлдэг юм байна.

   Экспо үзэсгэлэн нь өнгөрсөн 150 жилд ихэвчлэн Хойд Америк, Европын орнуудад зохиогдож ирсэн боловч сүүлийн үед Азийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дагаж эл бүс нутагт цөөнгүй удаа зохион байгуулагдаад байгаа юм. Энэхүү үзэсгэлэнг таван жил тутамд нэг удаа улс орон, олон улсын байгууллагууд, иргэний нийгэм, компаниудын оролцоотойгоор дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор зохион байгуулдаг. Анх 1851 онд Лондон хотноо зохион байгуулагдсан цагаасаа эхлэн эл үзэсгэлэн нь аж үйлдвэрийн зууны технологийн ололтоос эхлээд даяарчлагдсан дэлхийн тогтвортой хөгжил хүртэл тухайн цаг үеийнхээ илэрхийлэл болсоор иржээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш