logo
Эрүүл мэндийн сайд Монгол улсад ажиллах Олон улсын Зөвлөхүүдтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд Монгол улсад ажиллах Олон улсын Зөвлөхүүдтэй уулзлаа

2013/05/07

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр “ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээг хийн Монгол улсад ажиллах Олон улсын Зөвлөхүүдийн багийг хүлээн авч уулзав.

ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр 2010-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилтыг тусгасан “ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө”, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг үнэлэх “Үндэсний хариу арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө”-г Монгол улсын Засгийн газар хэрэгжүүлж байгаа билээ.

 

Уулзалтын эхэнд тус Багийн ахлагч, Тайланд улсын Махидолын Их Сургуулийн Эрүүл мэндийн бодлого, удирдлагын Төвийн захирал, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч асан Др. Виват Рожанапитаякорн Сайдад хандан хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд үнэлгээний багийн гишүүд болон хийх ажлынхаа талаар танилцуулав.

Сайд Н.Удвал хариу талархал илэрхийлээд Монгол улс хэдийгээр ХДХВ-ийн тархалт багатай ч эрсдэлт бүлгийн хүн амын дунд халдварын тархалт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа хийгээд БЗДХ-ын тархалт нийт хүн амын дунд тууштай буурахгүй нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед үнэлгээ хийж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байгаа талаар онцолж Засгийн газрын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. Түүнчлэн энэ удаагийн үнэлгээний баг ХДХВ/ДОХ, БЗДХ-ын чиглэлээр арвин туршлагатай, нарийн мэргэшсэн, өргөн бүрэлдэхүүнтэйн дээр багийн ахлагч Др.Виват Монгол улсыг, ХДХВ, БЗДХ-ын тархалтын өнөөгийн нөхцөл байдлыг маш сайн мэдэх туршлагатай хүн тул үнэлгээний багаас өндөр үр дүн, бодлогын томоохон зөвлөмжүүдийг гаргана хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.

Үнэлгээ хийгдээд дуусмагц УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороон дээр энэ талаарх хэлэлцүүлэг, Үндэсний хэмжээний форумыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа Сайд тэмдэглээд, ХДХВ/ДОХ, БЗДХ-тай тэмцэхэд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын байгууллагууд, тухайлбал ДЭМБ, НҮБХС, НҮБХАС, ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль Сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирсэнд Засгийн газрын зүгээс талархалтай явдгаа онцлон тэмдэглээд, цаашид ХДХВ/ДОХ, БЗДХ-тай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд Засгийн газрын зүгээс санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг онцлов.

Уулзалтын төгсгөлд Сайд үнэлгээний багийн ажилд амжилт хүсээд, үнэлгээний ажилд ЭМЯ-ны зүгээс нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш