logo
Шилдэг инженер, оюутнууд тодорлоо

Шилдэг инженер, оюутнууд тодорлоо

2013/05/07
ШУТИС, Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоотой хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор инженер, зохион бүтээгчид болон оюутны дунд зохион байгуулдаг зураг, төслийн автоматжуулсан систем CAD/CAE/CAM-ийн улсын гуравдугаар олимпиад гурав дахь удаагаа амжилттай боллоо.
Уг олимпиадад ШУТИС, ХАИС, ИЗИС, ШУТИС-ийн харьяа Дарханы ШИТИС зэрэг сургуулийн нийт 80 гаруй оюутан, мөн 40 гаруй инженер нийт 130-иад зохион бүтээгчид оролцов.
“Багийн тоглолт”-д “”Эрдэнэт” үйлдвэрийн Инженер, зураг төслийн хэлтэс, тус үйлдвэрийн Засвар механикийн завод, ШУТИС-ийн МИС-ийн баг эхний гурван байрт шалгарлаа. Мөн инженерүүдээс “Эрдэнэт” үйлдвэрийн Инженер, зураг төслийн хэлтсийн А.Соджаргал, Д.Эрдэнэбаяр, “АПУ” компанийн инженер Ц.Ганхөлөг нар шилдгээр тодорсон юм.
УИХ-ын гишүүн, Төмөрлөг машин, үйлдвэрлэлийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү шилдэг инженерүүдэд шагнал гардуулахдаа “Аж үйлдвэр, төмөрлөг машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, мэдлэг чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх нь хөгжлийн гарц. Бид шилдэг техник технологийг нутагшуулж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэгцээгээ хангаад зогсохгүй дэлхийн зах зээлд гаргах ёстой. УИХ, Засгийн газраас суурь аж уйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Сайншандын аж үйлдвэрийн парк, Зэс болон Төмрийн хүдрийг баяжуулан боловсоруулах үйлдвэрууд барьж байгуулах, Хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл уйлдвэрлэх хөтөлбөр зэрэг бодлогын чухал баримт бичгүүдийг баталж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Монголчууд өөрсдийн оюун ухаанаа шингээсэн бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх ёстой” гээд олимпиадад түрүүлсэн инженер, оюутныг ирэх долдугаар сарын 13-15-нд Эрхүү хотноо болох инженерүүдийн чуулганд оролцуулна гэдгийг дуулгалаа.
Мөн Төмөрлөг машин, үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан “Эдийн засгийг төрөлжүүлэх, импорт орлосон бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, металл хийц, эд анги, тоног төхөөрөмж гаднаас худалдан авахад жил бүр зарцуулж буй 2.8 их наяд төгрөгийг Монголдоо үлдээхэд инженерүүдийн оролцоо чухал”-ыг онцолсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш