ЭМЯ, ҮХААЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн үндэсний газар зэрэг байгууллагууд хамтран “Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийн ээлжит хурлыг өнөөдөр ЭМЯ дээр зохион байгууллаа.
Хурлыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Су Нюнт-У нар үг хэлэв. Хурлаар Салбар дундын зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЗӨСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэрэнноров зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, журмыг шинэчлэх тушаалын төслийг танилцуулсан байна. Хуралд оролцогчид зөвлөлийн бүтэц, журмыг шинэчлэн батлах тушаалын төслийн талаар хэлэлцэж санал бодлоо солилцсон юм.
Үүний дараа Дэлхийн банкны санхүүжилтээр хүн, малын эрүүл мэндийн тархвар судлаачдын “Нэг эрүүл мэнд” төв байгуулах тухай ХӨСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Сүрэнханд илтгэл тавилаа. “Нэг эрүүл мэнд” төслийн зорилго нь “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалд тулгуурлан нийгмийн эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдэлийн менежментийг сайжруулах замаар хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Ингэхдээ салбар хоорондын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндэд тулгарч болох аюул, эрсдэлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх, монголын талбарын тархвар судлал сургалтыг түшиглэн ажиллах аж.
Хуралд ЭМЯ, ҮХААЯ, ДЭМБ, Мал эмнэлгийн үндэсний газар, ЗӨСҮТ, ОБЕГ, ХӨСҮТ, МХЕГ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.