logo
Туул голын загаснууд хүчилтөрөгчийн дутагдлаас болж үрэгдэж байна

Туул голын загаснууд хүчилтөрөгчийн дутагдлаас болж үрэгдэж байна

2013/05/08

Жил бүр урин дулаан болоход Туул голын дагуу их хэмжээний загас жараахай үхэж, эргийн орчим элжирч байсан шалтгааныг архины үйлдвэрүүдийн хог хаягдал, цэвэрлэх байгууламж доголдсоноос үүдсэн хэмээн тайлбарладаг байсан. 2008 он, 2010 онд тохиолдож байхад яг ийм л тайлбарыг өгч  байсан. Тэгвэл энэ жил  Маршалын гүүр орчим загас олноор үхсэн шалтгаанийг хүчилтөрөгчийн дутагдлаас үүдсэн хэмээн МХГ-аас тогтоожээ. Энэ нь жилээс жилд багасч буй Туул голын ус загасны амьдрах нөхцлийг хязгаарлаж байна гэсэн үг юм. Голын голдирол өөрчлөгдсөн нь загаснуудыг чөлөөтэй амьдрах нөхцлийг бууруулж улмаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулсан байна. Харин голын голдиролд өөрчлөлт ороход хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь хүний буруутай үйл ажиллагаа юм. Голын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүсэд барилга барьсаны хор гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас ч хэлж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар үхсэн загаснуудыг шинжилж үзэхэд ямар ч гадны нөлөө байгаагүй байна. Хордуулагч, бохирдуулагч, химийн бодис лаборторийн шинжилгээгээр илрээгүй гэнэ. Загас бол амьд термометр усны түвшин хэмжигч багаж гэж энгийнээр ойлгож болно. Гэтэл загасны амьдрах нөхцөл нь хангалттай бүрэлдэж чадаагүй улмаас ийнхүү олноор үхсэн нь байгаль орчны тэнцвэрт байдал хэр алдагдаж байгааг нотолж байна. Мөн Сонгины гүүрнээс зүүн тийш Туул гол бохирдох ямар ч үндэслэл байхгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэр дундаа Маршалын гүүр орчим Туул голын бохирдол хамгийн бага байдаг байна. Голын загас зарим үед гүехэн устай газар өвөлжээд хөлдөх тохиолдол гардаг. Уг нь голын загас цүнхээлдээ очиж өвөлждөг. Зарим тохиолдолд загас нүүдэллэж яваад цүнхээлдээ очиж амжилгүй хөлддөг юм билээ. Нэгэнт хөлдчихсөн учраас хаврын цагт голын мөс гэсэхээр өмхийрч байгаа” гэв. Энэ мэтчилэн голын загас үхэхэд нөлөөлдөг хүчин зүйл олон байдаг юм байна. Загас үхэхэд нөлөөлсөн шалтгаан нь аль ч утгаараа хүний үйл ажиллагаатай холбогдож байгаа учраас холбогдох байгууллага нь дорвитой арга хэмжээ авах ёстой гэж иргэд анхааруулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш