logo
Хилийн чанадад сонгуулийн 39 салбар комисст 170 орчим хүн ажиллаж байна

Хилийн чанадад сонгуулийн 39 салбар комисст 170 орчим хүн ажиллаж байна

2013/05/08

Гадаад улсад байгаа монгол иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор  өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлж байна. Ийнхүү бүртгэх ажиллагаа санал авах өдрөөс  40 хоногийн өмнө эхэлж 25 хоног үргэлжлэх бөгөөд иргэд дипломат төлөөлөгчийн газарт  биечлэн ирж эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, нас, хүйс, үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар, Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан хугацаа, хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг, одоо оршин сууж байгаа газрын хаяг бүхий мэдээллийг багтаасан маягтийг бөглөж үндэсний гадаад паспортын хуулбарын хамт  тухайн салбар комисст өгөх ажээ. Бүртгэх ажил эхэлсэнтэй холбогдуулан  Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэрэгжилт, сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд  анхаарвал зохих ямар асуудлууд байгаа, хуулийг нэг мөр ойлгож тэдгээрийг  хэрхэн хэрэгжүүлэх  асуудал   өчигдөр орой болсон видео хурлын  анхаарлын төвд байв. Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах  Комиссоос хийсэн тус  видео хуралд  салбар комиссын дарга, гишүүд оролцов. Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах  нийт 39 салбар Комисс   байгуулагдаж тэдгээрт 170 орчим хүн ажиллаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш