Ардчилсан намын тавдугаар их хурлыг өнөөдөр хуралдуулж одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр санал нэгтэй батламжлав. Өчигдөр болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаас 100 хувийн саналаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Ардчилсан намын ёслолын их хуралд 7000 төлөөлөгч оролцон саналаа өгөв. Хөдөө орон нутгийн гишүүд анх удаа цахим хэлбэрээр их хуралд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэнд талархал илэрхийлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Ард түмэн зорьсноо гүйцээж, үр дүнгээ үзэх ёстой. Хэрэв өнгөрсөн дөрвөн жил зарим ажлаа хийгээгүй бол өнөөдөр юу болох байсан бол. Өнөөдрийн байдлаар хоёр Дорнод, таван Архангайтай тэнцэх газар нутгийн лиценз цуцлагдлаа. Үүнийг хийгээгүй бол өнөөдөр юу болох байсан бол.
Хэрвээ бид авлигатай тэмцээгүй бол онгоцны тийз болгон дээр нэмдэг таван ам.доллар илрэх байсан уу. Авлигатай тэмцсэнээр 44 цэцэрлэг барих мөнгийг, 12 сургууль, гурван эмнэлэг барих мөнгийг илрүүлээд байна. Бусдыг муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй ээ, юу хийхээ л ярина би” гэлээ.