Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах 11 11 төв ажиллаж эхлээд 7 сар болж байна. Энэ хугацаанд 40800 гаруй иргэн санал хүсэлт ирүүлсний 2000 гаруй нь эрүүл мэндийн салбартай холбоотой байна.
Эдгээрийн нэг нь Говь-Алтай аймгийн иргэн Р.Даваадоржийн гомдол байлаа. Вакцин хийлгэсэн охин нь сувилагчийн буруугаас хүнд халдвар авч, охиноо эмчлүүлэх гэж аймгийн эмнэлэг, Эрүүл мэндийн яам гэхчлэн олон шат дамжлагаар явсан ч үр дүнд хүрээгүй учир тэд 11 11 төвд хандсан байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 14 хоногийн өмнө хагалгаа хийлгэж, амжилттай болсон бөгөөд Д.Хонгорзул охин өнөөдөр эмнэлгээс гарч байна. Охины аав Р.Даваадоржтой өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр уулзаж, охинд нь эрүүл энхийг хүслээ. Мөн тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж буй иргэдтэй уулзан санал сэтгэгдлийг сонсон, ямар асуудал тулгарч байгаа талаар ярилцлаа.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнгөрсөн нэгдүгээр сард эрүүл мэндийн асуудлаар тулж ажилласан бөгөөд энэ салбарт тулгарч буй асуудлыг шийдэхээр хэд хэдэн ажлын хэсэг ажиллаж байгаа.
Тус эмнэлэгт энэ ажлын үр дүн мэдрэгдэж эхэлсэн гэдгийг эмч ажилтнууд энэ үеэр хэлж байлаа. Тухайлбал, тус төвийн өргөтгөлийн барилга ид баригдаж буй бөгөөд энд зүрхний эмчилгээний тасаг нээгдэх юм. Зүрхний өвчтэй хүүхдүүд өнөөдрийг хүртэл гадаадад эмчлүүлж байсан. Манай улсад зүрхний хагалгаанд орох шаардлагатай 900 гаруй хүүхэд байна. Энэ хүүхдүүд ирэх намраас эх орондоо эмчлүүлэх бололцоотой болно. Үүнд шаардагдах 2,5 тэрбум төгрөгийг Ерөнхий сайдын төсвийн багцаас гаргахаар болжээ. Мөн бөөрний тасаг нээсэн, энд хиймэл бөөрний гурван аппарат ажиллаж байна гэж тус төвийн удирдлага хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах албанаас мэдээллээ.