logo
Хөрсний дээжинд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 1-4 дахин их гарчээ

Хөрсний дээжинд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 1-4 дахин их гарчээ

2013/05/09

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2013-05-08/ хуралдаанаар Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хууль бус аргаар мөнгөн ус хэрэглэн металл хайлуулах үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс хамтран хийсэн шалгалтын талаарх мэдээллийг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар хийлээ.

Шалгалтад “Дэлгэрэх” хүнсний захын урд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 2 давхар байрны ард байрлах 2х4.8 метр талбай бүхий обьект, Н.Өлзийбаатар эзэнтэй “Цацрах гэгээ” халуун усны газар, Баян-Овоо сумын нутагт байрлах “Хөх бүрдний эх” ХХК-ний хүдэр баяжуулах цех, “Барилга трест”ийн агуулах, “Майхан цахир” ХХК-ийн төмрийн хаягдал цуглуулах талбай болон хууль бусаар алтны агуулга бүхий хүдэр бутлах үйл ажиллагаа явуулж байгаа 10 иргэн хамрагдсан байна. Шалгалтын явцад нийт 110 дээжинд шинжилгээ хийснээс хөрсний 67, агаарын 22, шламны 15 дээжинд мөнгөн ус, шламны 6 дээжинд цианит натри тодорхойлох шинжилгээг хийжээ. Шинжилгээгээр нийт 6 дээжинд мөнгөн ус илэрсэн байна. Үүнээс хөрсний дээжинд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 1-4 дахин их, агаарын 1 дээжинд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1 дахин их гарсан гэлээ. Түүнчлэн иргэд алтны агуулга бүхий хүдрийг буталж, угааж хаягдлыг ил задгай зөвшөөрөгдөөгүй цэгт хаяж байгаа нь “Хөрс хамгаалал, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийн заалтуудыг зөрчиж байгаа аж. Цаашид хүдэр баяжуулах цехийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах талаар төрийн төв байгууллагууд эцсийн шийдвэрийг орон нутагт гаргаж өгөх шаардлагатай. Мөн хууль бусаар химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр оруулж байгаа хяналтыг чангатгах, Онцгой байдлын хэлтэс дээр хадгалагдаж байгаа химийн бодисоор бохирдсон хөрсийг хаана, хэрхэн хоргүйжүүлж, устгах шийдвэрийг зохих төрийн байгууллага нь яаралтай гаргаж өгөх арга хэмжээ авах саналыг хамтарсан шалгалтаар гаргасан байна.

УИХ-ын гишүүн А.Бакей, мөнгөн усыг нүдэнд харагдах байдлаар дээж аваад шинжлэх бус шууд хашаан дотор, байшингийн ёроолд ил байж байдаг юм байна гэж ойлголоо.Тэгэхээр энэ бол ноцтой асуудал. Иймд үүний мөрөөр таслан зогсоох  үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй байна. Өнөөдөр мэдэгдсэн нь энэ байх цаана нь мэдэгдэхгүй хичнээн байгааг мэдэхгүй. Тэгэхээр энэ талаар ямар арга хэмжээ авах, цаашид гарахгүй байх талаас ямар санал боловсруулж байгааг тодруулсан юм.

Түүний асуултад Д.Гүньбазар дарга хариулахдаа, “Орон нутагт хууль бусаар мөнгөн ус ашиглах, мөнгөн усны илэрцийг илрүүлэхтэй холбогдуулаад бүх аймгуудын мэргэжлийн хяналтын газруудад албан бичгээр үүрэг даалгавар өгсөн байгаа. Үүний дагуу бүх аймгууд мөнгөн ус байж болзошгүй газарт хяналт шалгалт хийж байна. Цагдаагийн ерөнхий газартай хамтраад хууль бус үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих тал дээр журам гаргаж хамтран ажиллахаар тохирсон. Химийн хортой болон аюултай бодисын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд байгууллагын торгуулийн хэмжээ бага байдаг. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нинжа нар мөнгөн ус хэрэглэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг таслан зогсоох шаардлагатай байгаа” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гаднаас хичнээн кг мөнгөн ус орж ирж байгаа талаарх статистик мэдээлэл болон Баянхонгор аймагт хувиараа ашигт малтмал эрхэлж буй хүний тоо хэд байгааг лавлахад, хилээр орж ирж буй мөнгөн усны албан ёсны статистик тоо хэмжээ манайд байхгүй. БОНХЯ-нд улирал тутам хилээр импортлогдсон бараа бүтээгдэхүүний мэдээллийг хүргүүлж байгаа. Баянхонгор аймагт хувиараа ашигт малтмал эрхэлж буй хүний тоог хэлэх боломжгүй гэсэн хариултыг Д.Гүньбазар дарга өгөв.

Гишүүдийн зүгээс яагаад ийм нөхцөл байдал үүсээд байгааг гол нь ярих ёстой байсан. Нинжа нарын үйл ажиллагааны талаар хууль эрх зүйн эцсийн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байгаа. Цаашид нинжа нарын үйл ажиллагааг дэмжих үү, үгүй юу гэдэг дээр холбогдох яам, Байнгын хорооноос тодорхой бодлого, чиглэл гаргах цаг нь болсон гэж байлаа. Эцэст нь уг асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш