logo
Хөдөө аж ахуйн бүрэн хэмжээний тооллогыг анх удаа орон даяар зохион байгуулжээ

Хөдөө аж ахуйн бүрэн хэмжээний тооллогыг анх удаа орон даяар зохион байгуулжээ

2013/05/09

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.08/ хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2012 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Өнгөрсөн оны үйл ажиллагааныхаа талаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан мэдээлэл хийсэн юм.

Тус хорооноос өнгөрсөн онд Хөдөө аж ахуйн бүрэн хэмжээний тооллогыг анх удаа улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийт 243 мянган өрх, 2212 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулжээ. НҮБ-ын ХХААБ-ын хөдөө аж ахуйн тооллогын дэлхийн хөтөлбөрт тусгагдсан үзүүлэлтүүдийг тооллогод хамруулж, давхардсан тоогоор 752 үзүүлэлтийн мэдээллийг энэ удаагийн тооллогоор цуглуулж, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч өрх, аж ахуйн нэгж байгууллагыг олон улсын стандарт ангиллын дагуу үйл ажиллагааны чиглэл, байршлаар нь бүртгэж коджуулсан ажээ. Газар тариалан эрхэлдэг өрх, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллээр газар зүйн нэгдсэн санг анх удаа бүрдүүлсэн бөгөөд газар тариалангийн тооллогод сансрын зургийг ашиглан, тариалангийн талбайн байршлаар нь оруулсан нь тооллогын үр дүнг хянах боломжийг бүрдүүлжээ.

Хүн ам, орон сууцны 2000, 2010 оны тооллого хоорондын хүн амын динамикийн засварласан тооцоо, Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр аймаг, нийслэлийн болон хүн амын хэтийн тооцоог боловсруулсан тайланг нэгтгэн гаргажээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг Монгол Улсын нийт өрхөөс төлөөлүүлэн 11232 өрхийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, аймаг, нийслэлийн стастистикийн газар, хэлтэс, судалгааны ахлагч, тоологч нартай хамтран явуулсан байна.

Ажиллах хүчний судалгааг улсын хэмжээнд нийт өрхийг төлөөлүүлэн санамсаргүй түүвэр аргаар 12816 өрхийг сонгон явуулжээ.

Монгол Улсын статистикийн нэгдсэн санг 33 салбарын 435 үзүүлэлтээр байгуулан www.1212.mn, веб сайт, EzStat аппликейшнээр хэрэглэгчдэд түгээж эхэлсэн аж.

Техник, технологийн орчин үеийн дэвшлийг ашиглан мал, тэжээвэр амьтдын тооллогын улсын хэмжээний программыг онлайн орчинд боловсруулж, сервер үйлчилгээний орчны зохион байгуулалтыг хийн, анх удаагаа улсын хэмжээнд шивэлт хийсэн нь онцлог ажил боллоо гэж тус хорооны дарга мэдээлэлдээ онцолж байсан.

Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт, сүүлийн үед малын тоо зөрүүтэй байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсныг тодруулсан. Тэрбээр, Малын тоо 40 саяд хүрсэн нь ташаа мэдээлэл гэдгийг махны бизнес эрхэлж байгаа иргэд хэлдэг, малчид банкнаас зээл авах гээд малын тоо толгойгоо өсгөн хэлэх болсноос малын тоо ийм өндөр гарсан гэсэн яриа байдаг. Мал тоолж байгаа танай аргачлал зөв үү гэж асуусан.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Малын хөлийн татвар авдаг байх үед малчид малынхаа тоо толгойг дарах явдал ажиглагддаг байсан. Гэхдээ малын хөлийн татвар төлөхөө больсон болохоор малын тоо толгойгоо нэмж хэлдэг, банкаас зээл авах зорилгоор малынхаа тоо толгойг нэмдэгээс малын тоо өндөр гарсан гэдэгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Түүний хэлснээр, мал тооллогын ажлыг тус хорооноос олон жил зохион байгуулсан бөгөөд хөдөө орон нутаг дахь ажилтнууд ажлаа хэдийнэ гартаа оруулсан аж. Түүнээс гадна ихэнх банкууд сумдад салбартай, мал тооллогын үеэр давхар хяналт тавин хамтран ажилладаг болохоор ташаа тоо гарах үндэсгүй гэнэ. Малчдаас малын тоог зөвхөн амаар яваад явах бус, өнгөрсөн жилийн малын тоо, мал төллөлт, малын хорогдол, мах бэлтгэл зэрэг олон үзүүлэлтийг тооцон үзэж тоог гаргадаг гэдгийг онцолсон. Ер нь мал тооллого жилээс жилд сайжирч байгаа гэж тэрбээр хэлж байлаа.

Үндэсний статистикийн хорооноос ядуурлын талаарх бодитой тоо мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалаар тооцон гаргах талаар олон улсын байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллан сүүлийн жилүүдэд арга зүйг боловсронгуй болгох зорилгоор Дэлхийн банктай 2011 оны ядуурлын үзүүлэлтийг хамтран тооцож дүнг зарласнаар Монгол Улсын ядуурлын талаарх тоо, мэдээллийн нэгдмэл байдал хангагдсан гэж ҮСХ-ны дарга тайландаа дурдсан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар хүүхдийн ядуурлын төвшин сүүлийн 10 жилд буураагүй гэсэн дүн гарсан байна. Үүний шалтгаан юу вэ гэж асуусан.

ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, 2011 онд ядуурлын төвшин 29.8 хувьтай гарсан. Үүнийг 2010 онтой харьцуулахад 9.4 пунктээр буурсан гэсэн мэдээллийг өгсөн. Энэ нь эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд хүрсэн, нийгмийн халамж үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн, 2010, 2011 оныг харьцуулахад “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгосон хишиг, хувь 2.7 дахин өссөн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30 хувиар, ажиллагчдын сарын дундаж цалин 24.2 хувиар, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 29.3 хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэж тэрбээр тайлбарласан юм. 11232 өрхийн дунд явуулсан судалгаанаас харахад олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн гэр бүл ядууралд хамгийн их өртөж байгаа нь тодорхой болсон ажээ. Харин хүүхдийн ядуурлын талаар тусгайлан судалгаа хийдэггүй гэсэн хариултыг өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш