logo
Япон Улсаас авах 85 сая ам.долларын зээлийг дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд олгоно

Япон Улсаас авах 85 сая ам.долларын зээлийг дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд олгоно

2013/05/09
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.08/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

  Засгийн газрын 2012 оны 169 дүгээр тогтоолд санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталсан бөгөөд түүнд Япон Улсаас олгох экспортын болон бусад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглах тухай асуудал тусгагджээ. Үүнтэй холбогдуулан Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЯОУХАБ)-ны төлөөлөгчидтэй өнгөрсөн хугацаанд хийсэн уулзалт, хэлэлцээний үр дүнд экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Японы тал ирүүлээд байгаа юм байна.

   Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээлснээр, уг төсөлд зээлийн хэлэлцээрт заасан хэмжээгээр зээлийн шугам нээж, зээлийн эх үүсвэрийг дотоодын арилжааны банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийн хүсэлт дээр үндэслэн тэдгээрт зээл олгох хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгасан ажээ. Зээлийн хэмжээ 8 тэрбум иен (85 сая ам.доллар) хүртэл, ам.доллар эсхүл иенээр олгох бөгөөд зээлийн хугацаа 11.5 жил юм байна.

   УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Монгол Улс Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банкнаас жилийн 0.75 хувийн хүүтэй, удаан хугацаатай зээл авдаг байсан гээд эдгээр банкуудаас зээл авахаа больж байгаа юм уу, яагаад жилийн 2.67 хувийн хүүтэй зээл авч байгаа юм бэ хэмээн лавлаж байлаа. Мөн тэрбээр иен, юаны ханшийн хэлбэлзлээс болоод эрсдэлд орох магадлал өндөр байдаг учир зээлийг ам.доллараар авах нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлж байсан.

   Эдийн засгийн хөгжлийн сайд, Монгол Улсын эдийн засаг өсөөд, зиндаа дээшилсэн. 2012 оноос эхлээд хөнгөлөлттэй зээл авдаг түвшингээс гараад бизнесийн зээл авдаг ангилал уруу шилжсэн учир авч буй зээлийн хүүгийн хэмжээ ийм байгаа юм гэж тайлбарласан. Сайд иен, юаны ханшийн хэлбэлзэл өндөр байдаг гэдгийг зөвшөөрөөд зээлийг ам.доллар, иенийн алинаар нь авах талаар УИХ-аас чиглэл авахаар асуудлыг оруулж байгаа гэдгийг нэмж хэлсэн.

   Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх зээлийн хэлэлцээрийг дэмжиж байсан бөгөөд Монгол-Японы бизнесийн харилцаа идэвхжиж байгаа энэ үед зээл үр дүнгээ өгч, японоос аж үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, технологи орж ирэх гүүр нь болно гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Ингээд Байнгын хорооноос зээлийн ерөнхий хэлэлцээрийг дэмжсэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш