logo
Машин үйлдвэрлэл эд анги хийхээс эхэлдэг

Машин үйлдвэрлэл эд анги хийхээс эхэлдэг

2013/05/10
Манай улс сэлбэг эд анги, тоног төхөөрөмж, металл хийц зэргийг гадаадаас худалдан авахад жил бүр 2.6 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн тоо бий. Эдгээрийн ихэнх нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой эд анги, тоног төхөөрөмж байдаг аж. Тиймээс төр төмөрлөг машинт үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлогоор анхаарах цаг болсныг энэ салбарынхан хэлдэг.

Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо УИХ-ын гишүүн, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан, ШУТИС-ийн эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, Механик инженерийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, дэд захирал Р.Найдандорж нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, улс орны хөгжил олон хөлтэй байх ёстой. Уул уурхай бол нэг л хөл нь. Уул уурхайн баялаг нэг л өдөр шавхагдаж дуусна. Тиймээс Монголдоо технологи нутагшуулах, өөрсдөө үйлдвэрлэгч болох, мэргэжилтнүүдээ бэлтгэх нь чухал. Өнөөдөр ХАА-н тоног төхөөрөмжөөс эхлээд олон зүйлийг бид хийж чадна. Гэтэл хүрз, жоотуу, хадаас, түрдэг тэргийг хүртэл Хятадаас зөөж байна. Стандартад нийцэхгүй, шаардлага хангахгүй жижиг тракторуудыг оруулж ирж байна. Үүнийг өөрчлөх ёстой. Машин үйлдвэрлэл бол эд анги хийхээс эхэлдэг гэлээ. Мөн Японы 89 сая ам.долларын зээлийг технологи худалдан авахад зориулахаар төлөвлөж буйг дуулгасан бөгөөд Монгол туургатны наадмын үеэр техникийн олимпиад зохион байгуулж, дараа нь бүс нутгийн хэмжээнд явуулдаг болох санаачлага гаргасан юм.

Монголын компаниуд автомашины эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг, түүнийгээ экспортлох гэхээр шинжилгээний хяналт байдаггүй бэрхшээл тулгардаг аж. ШУТИС-д металлын чанарыг шинжлэх лаборатори байдаг нь улсдаа ганц, гэвч хуучирсан. Тиймээс металлын иж бүрэн лаборатори байгуулахаар төлөвлөж, энэ нь КОЙКА-гийн зээлээр хэрэгжих төслөөр дэмжигдээд явж байгааг ШУТИС-ийн МИС-ийн захирал Д.Цолмонбаатар танилцуулсан юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш