logo
З.Энхболд: Хууль зөрччихөөд шүүхийг хараах бус өөртөө гомдох хэрэгтэй

З.Энхболд: Хууль зөрччихөөд шүүхийг хараах бус өөртөө гомдох хэрэгтэй

2013/05/13
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэнх хуралдааны төгсгөлд Д.Зоригт, Д.Сумъяабазар нар гишүүний тангарагаа өргөсөн. Харин тангараг өргөх ёслол дуусмагц УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

 -Тангараг өргөх үеэр МАН-ынхан  Д.Зоригтод  болоод АН-ынханд нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Та энэ асуудал дээр ямар байр суурь илэрхийлмээр байна вэ?

   -2012 оны зургадугаар сараас хойш, нэг үгээр хэлбэл жил болж байж УИХ өнөөдөр 76 гишүүнтэй боллоо.

   Өнөөдрийн чуулган дээр ярьсан зүйлүүд нь сонгуулийн шинэ хуулиас улбаатай юм. 2008 оны сонгууль ямар боллоо, дараа нь ямар үймээн бослого гарч, таван хүн амиа алдсан. Тэрхүү хатуу сургамжинд тулгуурлаж шинэ хууль гаргасан юм. 2008 оны сонгуулийн хуульд нэрсийн жагсаалтаас хасдаг заалт гуравхан байсан. Одоогийн хуульд 35 орчим заалт байгаа. Тэгэхээр 2012 оны сонгуулийн өмнө баталсан сонгуулийн тухай хууль их хатуу чанга хууль. Нэг л удаа алдаа гаргасан бол жагсаалтаас хасах, ялсан ч хасагддаг, УИХ гишүүн болж орж ирсэн ч  хасдаг ийм гучин хэдэн заалтыг тусгаж өгсөн.

   Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хасаад байгаа заалт 2008 онд хэрэгжиж байсан сонгуулийн тухай хуулиас үүдэлтэй юм. Сонгуулиар МАХН-ынхан хүүхэд тэвэрч байгаад хүүхэд бүрт арван мянган төгрөг өгөх тухай яриад оноо авдаг байсан учраас үүнийг шинэ хуулиар хориглосон. Сонгуулийн үеэр нэг хүүхэд тэврээд зураг авахуулахад л хасдаг хатуу заалт байсан. Одоо ч гэсэн нэг хүүхдийг сонгуулийн штабт ажиллуулахад нэрсийн жагсаалтаас хасна.

  Үндсэндээ Өвөрхангай аймгийн сонгуулийн маргаан юу болж дууссан гэхээр сонгуулийн тойргийн хорооны гаргасан шийдвэрийг л шүүх авч үзсэн болохоос биш шүүх өөрөө тогтоогоогүй. Тодруулж хэлбэл, Өвөрхангайн тойргийн хорооныхон тойрогтоо МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн байна, үүнийг нь сануулж байна гэснийг нь шүүх авч хэлэлцээд сануулах бус нэр дэвшигчийн жагсаалтаас хасах ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Хуулийг харвал яг л тийм байгаа. Хэн хэдэн санал авсан нь хамаагүй гэсэн үг. Зургаан мянган хүний саналын илүүтэй ч хасагдлаа гэж ярьж байгаа нь буруу. Ер нь 35.15, 35.18 дахь заалт нь өчүүхэн шалтгаанаар нэр дэвших эрхээ, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдаж болох аюултай заалттайг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Үүнийг хуульчилж оруулсан нь төр өөрийгөө цэвэрлэж авахын зэрэгцээ санал худалдаж авах байдлыг таслан зогсоох гэсэн арга.

    МАН-ынхан ч гэсэн нэр дэвшигчдээ хууль зөрчсөнийг шүүхийн шийдвэр гарсны дараа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ чуулганы танхимд хүлээн зөвшөөрөөгүй юм шиг аашилж байна. Ийм жишгээр УИХ-ын гишүүдийн тоо бүрдлээ.

    Сонгуулийн тухай хуулийн ягаан ном улс төрд орж байгаа хүмүүст маш их хэрэгтэй. Ийм л хатуу хуультай байгаа. Ингэлээ гээд шүүхийн шийдвэр өөрт нь таалагдахгүй бол шүүхийг хараах бус өөртөө гомдох хэрэгтэй. Бид бүгдээрээ шүүхийн шийдвэрийн дагуу л амьдардаг. Шүүх дээр болсон үйл явдлын дараа МАН-ынхан хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч чуулганы танхимд түүнийгээ хүлээн зөвшөөргүй юм шиг зан гаргаж байсныг та бүхэн харсан байх. Иймэрхүү байдлаар УИХ-ын гишүүдийн тоо үндсэн хуулинд заасан шиг 76 боллоо.

   -Увс аймгийн маргаан үлдлээ. Үүнийг хэзээ хэрхэн шийдвэрлэх вэ?

  -Шүүхийн процесс нь дуусаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шат шатаараа асуудал хэлэлцэгдэж байна. Тухайн маргаан бол мөнгө арав нугалж өгдөг заалтыг зөрчсөн тохиолдол. Хуульд зааснаар мөнгө тараасан бол мөнгийг нь арав нугалж өгнө гэж заасан. Үүний дагуу Увсын 13 иргэн сонгуулийн явцад тойргийн хороондоо өгсөн байдаг юм. Түүнийг шалгасаар байгаад үнэн байна гэдгийг нь илрүүлсэн байгаа. Эрүүгийн хэрэг нь дуусахаар СЕХ шийдвэрээ гаргах байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд мөнгө тараавал 20 нугалж өгөхөөр заасан. Тэгэхээр хуулиа дээдлэх хэрэгтэй. Хууль зөрсөн асуудлыг шүүх хэлэлцээд нэг талд нь л шийдвэрээ гаргадаг хэмээн хариулла

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш