logo
Шинэ нисэх буудлын гэрээнд гарын үсэг зурлаа

Шинэ нисэх буудлын гэрээнд гарын үсэг зурлаа

2013/05/13
Олон улсын шинэ нисэх буудал Хөшигийн хөндийд 2016 он гэхэд ашиглалтанд орохоор зураг төсөл нь батлагдсан билээ. Батлагдсан зураг төслийг гүйцэтгэчээр Японы “Мицүбиши-Чиёода” компаниуд шалгарсан юм. Шинэ нисэх буудлын цогцолборыг нийт 49,4 тэрбум иенийн өртгөөр гүйцэтгэх гэрээнд томилогдсон хэлэлцээрийн ажлын хэсэг, гүйцэтгэгч талууд гарын үсэг зурлаа.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд баригдах “Олон улсын нисэх буудал” нь жилд гурван сая хүн хүлээж авах чадалтай, цаг агаарын тааламжгүй байдлыг үл харгалзан 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах боломжтой, бие даасан ус, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн иж бүрэн цогцолбор болох аж. Мөн цаашид жилдээ 22 мянган агаарын хөлөг хүлээн авч 12 сая хүртэл зорчигчид үйлчлүүлэх боломжтой өргөтгөлийг тооцоолсноос гадна дахин нэмэлт зурвас барих зай талбайг төлөвлөжээ. Энэхүү төсөл хэрэгжихтэй зэрэгцээд 100 мянган хүн ам оршин суух дагуул хот баригдах аж. Уг төслийн бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгөний хувьд Японы “Жайка” байгууллагаас 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм. Зээлийн нөхцлийн хувьд эхний 10 жил ямар нэг хүүгүй, сүүлийн 30 жилд зээлсэн мөнгийг жилд 0,2 хувийн хүүтэй эргэн төлөхөөр тогтжээ.

Дэд бүтцийн хувьд Монголын талаас шилэн кабель, эрчим хүчний шугам, зам тавих зэрэг ажлыг гүйцэтгэх аж. Гүйцэтгэгч байгууллага болох “Мицүбиши-Чиёода” компаниуд энэхүү цогцолборыг 43 сарын хугацаанд барьж дуусгах амлалт өгсөн бөгөөд энэ нь 2016 оны аравхоёрдугаар сар гэхэд ашиглахад бэлэн болно гэсэн үг. Олон улсын “4Е” гэсэн стандартад нийцсэн олон улсын нисэх буудал болж байгааг уг арга хэмжээнд оролцож буй ажлын хэсгийнхэн онцоллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш