logo
Сүүлийн 6 жилд эцэг тогтоолгохоор 2100 иргэн ханджээ

Сүүлийн 6 жилд эцэг тогтоолгохоор 2100 иргэн ханджээ

2013/05/13

Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс гаргасан судалгаагаар сүүлийн хоёр  жилд шүүхээр шийдвэрлэгдсэн гэр бүлийн маргаан харьцангуй буурсан үзүүлэлттэй байна. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргаан 2007-2010 онд байнга өссөн бол 2011,2012 онд буурсан үзүүлэлттэй байна. Шүүхүүд Гэр бүлийн тухай хуулиар 2007 онд 3504, 2008 онд 3629, 2009 онд 4294, 2010 онд 4732, 2011 онд 4449, 2012 онд 3878, нийт 24486 хэрэг шийдвэрлэсэн ажээ. Сүүлийн зургаан жилийн байдлаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний нийт хэргийн 15.2 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байна. Гэр бүлийн маргааны 78.3 хувь нь буюу 19175 нь гэрлэлт цуцалсан хэрэг байна. Гэрлэлт цуцалсан хэрэг 2007 онд 2579, 2008 онд 2703, 2009 онд 3295, 2010 онд 3856, 2011 онд 3642, 2012 онд 3100 тус тус гарчээ. Үүнээс үзвэл 2007-2010 онд гэрлэлт цуцлалтын хэрэг тогтмол өссөн бол 2011, 2012 онд буурсан аж. Түүнчлэн 2012 онд гэрлэлт цуцалсан хэрэг өмнөх онтой харьцуулахад 542 хэргээр буюу 14.8 хувиар буурсан байна. Гэрлэлт цуцлалтаас үүдэлтэйгээр хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь ихээхэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Шүүхээс тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо сүүлийн 6 жилд 8743 байна. Түүнчлэн хүүхдийн тэтгэлэг албадан гаргуулсан тохиолдол 2399 байгаа нь үүний нэг илрэл билээ. Мөн хуулийн дагуу эцэг эх байх эрхийг нь хассан тохиолдол сүүлийн 6 жилд 48 удаа гарсан ажээ. Тухайлбал 2007 онд гурав, 2008 онд 12, 2009 онд 16, 2010 онд зургаа, 2011 онд долоо, 2012 онд дөрвөн удаа ийм тохиолдол гарсан байна. Сүүлийн зургаан жилд нийслэлд 17 хүн эцэг, эх байх эрхээ хасуулсан бол Дорнодод ес, Дархан-Уулд тав, Ховдод дөрөв, Өвөрхангайд гурав, Сэлэнгэд хоёр, Архангай, Булган, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дундговь аймгуудад тус бүр нэг  хүн эцэг эх байх эрхээ хасуулсан байна. Түүнчлэн шүүхээс хуулийн дагуу эцэг тогтоосон тохиолдол сүүлийн зургаан жилийн байдлаар 2100 байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш