Энэтхэгийн Нью Дели хотын Жиби гудамж бол тус хотын хамгийн том улаан дэнлүүний гудамжинд тооцогддог. Цагдаа нарын тооцоолсноор энэ гудамжинд 2000 гаруй биеэ үнэлэгчид ажиллаж, амьдардаг. Энд Энэтхэгийн өнцөг булан бүрээс ирсэн биеэ үнэлэгчид бий. Зарим нь хөрш Непал болон Бангладш улсаасаас ирдэг байна. Цөөн хэсэг нь хүний наймаа бэлгийн мөлжлөгт өртөж хүчээр биеэ үнэлдэг. Хотын цагдаагийн орлогч дарга Аслам Кан хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн эсрэг ажиллагаа явуулж эхэлснээр байдал арай дээрдэж эхэлжээ. Тэрбээр “Энэ дүүрэгт биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд Энэтхэгийн бусад муж болон хөрш орнуудаас сайхан ажилд оруулж өгнө гэсэн нэгэнд хууртагдан хүний наймаанд өртөж хууль бусаар хил давж орж ирсэн байдаг. Саяхан бид энэрэлийн байгууллага нэрийн дор бага насны охидын биеийг үнэлүүлж байсан бүлгийг олж илрүүлсэн” гэсэн байна. Цагдаа нар биеэ үнэлэгчдийг саатуулж эмнэлгийн үзлэгт оруулсны дараа насыг нь тогтоож, 18-аас доош настай бол цаад эздийг нь хүчээр биеийг нь үнэлүүлсэн эсвэл хүний наймааны гэмт хэрэгт холбогдуулан баривчилж шалгадаг байна. “Бид мэдээж биеэ үнэлэлтийг бүрэн зогсоож чадахгүй. Гэхдээ ахицтай байгаа. Ялангуяа бага насны охид хүний наймаанд өртөж, хүчээр биеэ үнэлж байгаа явдлыг зогсоохоор ажиллаж байна” гэж Аслам Кан ярьсан байна. Цагдаа нар охидын эрхийг хамгаалах сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллан охидыг худалдаж байгаа цаад эздийг нь барьдаг байна. Хотын цагдаагийн орлогч даргаар эмэгтэй хүн ажиллаж эхэлснээр цагдаа нар биеэ үнэлэгчдийг гэмт хэрэгтэн гэхээсээ илүүтэйгээр гэмт хэргийн золиос гэж үзэн аль болох тэдэнд туслахыг чармайх болжээ.
Shuum.mn
Shuum.mn