30 гаруй иргэдийг хохироосон бүлэг дээрэмчдийг илрүүлжээ. Эдгээр бүлэг дээрэмчин залуус нь хувийн жолооч хөлслөн шөнө орой ганцаараа явж буй эрэгтэй хүмүүсийг дээрэмддэг байна. Ингэхдээ нэг охиноо явуулж "Би айгаад байна. Намайг хүргэж өгч туслаач" хэмээн хэлүүлдэг аж. Үүний дараа гурван залуу ирж “...миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм” гэх зэргээр айлган сүрдүүлж зодон гар утас, эд зүйлсийг дээрэмдэн авдаг байжээ. Одоогоор хамгийн сүүлд хохирсон иргэний мэдүүлгээр эдгээр бүлэг дээрэмчдийг бариад байгаа аж. Хэргийг илрүүлэх ажлыг хэсгийн дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгуулж ажилласнаар 17-21 насны гурван залуу, нэг охин хамтарч үйлддэг байсныг нь илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.