УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байгаа “Үндэсний уламжлалаа дээдлэе” манлайлагчдын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Монголын баг, сумдын үндэсний холбооноос зохион байгуулж байгаа тус чуулганд 21 аймгийн 330 сум, 1575 баг, 9 дүүргийн 152 хорооны төлөөлөл ирсэн байна.
УИХ-ын дарга төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улс Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд багийн өөрөө удирдах ёс хэлбэр төдийхөн багийн Засаг дарга хэмээх нэг гүйцэтгэх албан тушаалтны эрх мэдэл давамгайлах хандлагатай явж ирлээ. Харин 2011 оны сүүлчээр УИХ-аас баталсан “Төсвийн тухай” шинэ хуулинд “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөв, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна”. “Иргэдээс гарсан саналыг иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг эрэмбэлэн сонгоно”. “Баг, хорооны иргэдийн саналыг аваагүй, сум, дүүргийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглоно” гэсэн заалтууд батлагдсан юм.
Төсвийн шинэ хуулинд багийн иргэдийн оролцооны талаар дээрхи бие даасан зүйл заалт орсноор баг, хороонд нутгийн өөрөө удирдах ёс бодиттой хэрэгжих үндэс суурь бүрдлээ.
Баг, сумын хөгжлийн асуудалд иргэдийн оролцоог хангах гэдэг нь мэдээлэл олж авахаас эхлээд шийдвэрээ хамтран хэлэлцэж, батлан гаргах, гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийн явц, тайланг хянаж дүгнэхийг хэлдэг. Энэ нь биднээс сэтгэлгээгээ шинэчлэх, шийдвэр гаргах тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж байна. Гэвч Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй хөгжлийн ийм шинэ хандлагад баг, сумын удирдах албан тушаалтнууд, баг, хорооны иргэд, эрэлт, нийлүүлэлтийн тал хоёулаа бэлэн биш байна. Өөрөөр хэлбэл тэднийг шинэ хандлага, соёлд суралцахад нь туслах, дэмжих манлайлагчдын хэрэгцээ шаардлага гарч байна. Энэ тохиолдолд Монголын баг, сумдын үндэсний холбооноос “Манлайлагчдын чуулган-2013” арга хэмжээ зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил гэж УИХ-ын даргын хувьд үзэж байна гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, Үндсэн хуулийн гол үзэл санаа нь орон нутгийн тулгамдсан аливаа асуудлыг нутгийн иргэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа шийдвэрлэж, нийтийн үйлчилгээний үлэмж хэсгийг хүн амд хүргэхэд оршдог. Үүнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд УИХ орон нутгийн Иргэдийн хурлын эрх мэдлийг улам өргөжүүлэх, Улс төрийн намуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгохын төлөө ажиллаж байна.
Монгол хүн хот, хөдөөд байгаагаас үл хамааран тэдэнд ижил орон зайд, ижил орчин нөхцөлд ажиллаж амьдрах ёстой. Үүний тулд Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа орон нутгийн иргэдийн оюун санаанд бодитой хөрөнгө оруулалт хийж, тэднийг орчин үеийн хөгжлийн үйл явцад бүтээлчээр оролцох чадавхийг бүрдүүлэхэд анхаарвал зохино. Үүнд төр, иргэдийн оролцоо аль аль нь чухал байна.
Хүн амын янз бүрийн давхраг, ашиг сонирхлыг илэрхийлсэн Төрийн бус байгууллагууд сум, дүүрэг, хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг түшиглэн хамтарч ажиллавал төр, засгийн эрх мэдлийг иргэдийн үүсгэл санаачлагатай хослуулах чухал арга хэрэгсэл болно.
Хэдийгээр төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж төрийн бодлогыг хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлнэ гэж тунхаглаад байгаа ч өнөөдрийг хүртэл Засгийн газраас олон нийтийн байгууллагад эрхээ шилжүүлэн хийлгэж байгаа ажил бараг байхгүй байна. Иймээс цаашид Төрийн бус байгууллагуудын санаачлага, нөөц, хүчийг ашиглах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах болно.
Нутгийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн гурван талт түншлэлийг хөгжүүлэх нь XXI зууны нийгмийн удирдлага болсон орон нутгийн сайн засаглалын үндэс суурь юм. Гагцхүү энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд шинэ арга барил шинэ сэтгэлгээ дутаад байна.
Нийгмийн шинэчлэл хийх хүн эхлээд өөрөө өөрийгөө шинэчлэх хэрэгтэй. Шинэ зарчим, шинэ мэдлэг, шинэ арга барил эзэмшиж, ардчилалд суралцахад Та бүхэн боловсрол мэдлэг чухал. Эцсийн эцэст төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахын гол утга учир нь иргэд нутаг усандаа эзэн болох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах явдал юм.
Суурин болон хөдөөгийн нүүдлийн багийн хөгжилд газар нутаг, эдийн засгийн хүчин зүйлээс хамаарах ялгаа байдаг ч төрөөс үзүүлж байгаа бүхий л үйлчилгээг адил тэгш хүртдэг байх ёстой. Ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдад төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж үйлчлэх шаардлагатай байгаа юм. Энэ зорилгоор Монголын баг, сумдын үндэсний холбооноос “Багийн шинэ төв” төслийг санаачлан боловсруулсаныг бид дэмжиж байна. Харин төслийг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Өнөөдрийн чуулганаар олон чухал асуудал хэлэлцэх гэж байна. Та бүхэн энэ боломжийг ашиглан баг суманд тулгамдаж байгаа асуудлаа илэн далангүй ярьж санал бодлоо уралдуулах хэрэгтэй. Энэ нь хууль тогтоогч байгуулагаас баг, сум, хороотой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна гээд чуулганы ажиллагаанд амжилт хүсч, ажил үйлс тань өөдрөг байж, өөрсдөө манлайлагч байхыг уриаллаа.