Дуурийн залуу дуучин Э.Анхбаяр “Би хаана төрөв”, Моцартын “Дон Жуан” дуурийн хэсгээс дуулж, “Хөх Монгол” хамтлаг монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бол Залцбургийн найрал хөгжмийн хамтлаг Моцартын бүтээлүүд, “Шидэт лимбэ” дуурийн Папагено, Папагена хоёрын дуэт тоглон сонирхуулав. Концертын төгсгөлд “Хөх Монгол”, Залцбургийн найрал хөгжмийн хамтлагууд “Цагаан суварга” аяыг хамтран тоглов.
Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Залцбург муж улсад ажилладаг Монголын өргөмжит консул Марга Пишель энэ концертыг зохион байгуулсан бөгөөд түүний нээлт дээр Монгол орны тухай дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Залцбург мужийн Парламентийн дэд Ерөнхийлөгч, хатагтай Гудрун Төрнштром оролцож хэлсэн үгэндээ “Монгол Австрийн харилцаа олон салбарт, ялангуяа урлагийн салбарт өргөжин хөгжих сайхан боломжтой. Манай хоёр улсад ижил төстэй зүйл багагүй бий. Монгол Улсын хувьд ОХУ, Хятад хэмээх хоёр хүчирхэг гүрний дунд, харин Австри Баруун Европ, Зүүн Европын дунд оршиж ирснээрээ түүхэнд онцлогтой. Энэ нь бидний харилцан ойлголцлын нэг үндэс юм” хэмээн тэмдэглэв.