Манай улсад өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХын халдвар тээгч 138 дахь хүн бүртгэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Мэдээлэл, сургалт, сурталчилгааны албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад “ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 910 хүн хандсанаас 52-т нь БЗДХ илэрсэн. Тэднийг хяналтад авч, эмчилж байна. ХДХВ-ын халдвар тээгч хөдөө орон нутгаас шинээр илэрсэн. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн шинжилгээний сорьцод хийсэн баталгаажуулах шинжилгээгээр тэр хүн ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан. Халдвар тээгч 30-34 настай, эрэгтэй. Одоогоор тархвар судлалын ажил үргэлжилж байна. Түүнтэй нийлээд ХДХВ-ийн халдвартай хүний тоо 138 боллоо” гэв. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 423 өвчтөн эмчлүүлж байгаагаас сүрьеэтэй 215, шарласан 101, бруцеллёзтой 25, гахай хавдартай 28, салхин цэцэгтэй 24, цусан суулга туссан 19 хүн байна.