Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийтдээ 960 га талбайг хамардаг бөгөөд 183 га газрын ерөнхий төлөвлөгөөг батлуулж, 2012 онд эхний ээлжийн 30 га газрын бүтээн байгуулалт хийгдсэн билээ. Гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд бүх нийтээр мод тарих энэ өдрийн хүрээнд ч олон газрууд мод тарьж хувь нэмрээ оруулсан юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь УБ орчмын Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл цэвэр, эко орчныг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулахаар болсон. Энэ өдрүүдэд 4 төрлийн 2000 орчим модыг тарьсан байна. Төрийн байгууллагууд болоод аж ахуй нэгжүүд ч ихээхэн идэвхтэй оролцсон юм. Мөн нийслэлийн засаг даргын тамгын газар захирагчийн ажлын алба харъяа бүх газрууд оролцлоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж одоогийн байдлаар нийслэл хотын 23 хувийг эзэлж байна. Энэ тоо нь цаашид улам нэмэгдэх юм. Статистик судалгаанаас үзэхэд дэлхийн улс орны нийслэл хотынх нь 50-70 хувийг ногоон байгууламж эзэлдэг бол УБ хотын хувьд 3-5 хувь буюу 10 дахин бага байна. 2013 онд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 5 км дугуйн болон гүйлтийн зам, цанын зам, гэрэлтүүлэг, 300 автомашины болон дугуйн зогсоол иргэдэд үйлчлэх төв усалгааны систем нийтийн бие засах газар, газрын усан оргилуур тус тус ашиглалтанд орох юм. Бүх нийтээр мод тарих энэ өдөр олон хүн газар шорооны ажил хийж модоо суулгах хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмруу орууллаа.