logo
Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжлээ

2013/05/14

Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцлээ. Төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр хийлээ. Гадаад болон дотоод орчны эерэг нөлөөллийн үр дүнд манай улсын эдийн засаг 2013 онд 16.0 хувиар өсөх төлөвтэй байгааг тэрээр дурьдаад дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2014 онд 14.7 хувь, 2015 онд 11.8 хувь, 2016 онд 14.6 хувь байхаар төсөөлөгдөж байна. Инфляцийн түвшин дунд хугацаанд харьцангуй тогтвортой байхаар төсөөлж 2014-2016 онд 6 орчим хувь байлгах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл үг хэлж, Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, түүнийг хэлэлцэхийг дэмжиж байна гээд төсвийн алдагдал нэмэгдэж, орлого өндөр байгаа учир цаашид бодитой төлөвлөлтөд анхаарах, олон талаас нь тооцоотой, нарийн авч үзэх хэрэгтэй гэсэн саналтай байлаа. Байнгын хорооны гишүүд олонхийн саналаар тус асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаярын танилцуулснаар, зээлийн хэмжээ 8 тэрбум иен (85 сая ам.доллар) хүртэл, ам.доллар эсхүл иенээр олгох бөгөөд зээлийн хугацаа 11.5 жил байхаар байгаа ажээ. Иен, юаны ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь зээлийг ам.доллар, иенийн аль алинаар нь авах талаар УИХ-аас чиглэл авахаар асуудлыг оруулж байгаа гэдгийг тэрээр хэллээ. Зээлийн эх үүсвэрийг дотоодын арилжааны банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийн хүсэлт дээр үндэслэн тэдгээрт зээл олгох хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгасан ажээ. Байнгын хорооноос зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргаж асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналыг дэмжлээ. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийлээ. Хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Оюунбаатар, Д.Хаянхярваа нар саналаа илэрхийлэхдээ, шинэчлэлийг дэмжиж байгаа бөгөөд татварын хуулийг боловсронгуй болгох нь татварыг тогтвортой байлгахад чухал юм. Тиймээс энэ чиглэлд Сангийн яам анхаарах хэрэгтэй гэлээ. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын санаачлагаар Оюутолгой ХХК 2012, 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш