logo
 Оюутолгойг шалгах ажлын хэсгийг С.Ганбаатар ахлахаар боллоо

Оюутолгойг шалгах ажлын хэсгийг С.Ганбаатар ахлахаар боллоо

2013/05/14

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын  гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр хийсэн байна. Гадаад болон дотоод орчны эерэг нөлөөллийн үр дүнд манай улсын эдийн засаг 2013 онд 16 хувиар өсөх төлөвтэй байгааг тэрээр дурьдаад, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2014 онд 14.7 хувь, 2015 онд 11.8 хувь, 2016 онд 14.6 хувь байхаар төсөөлөгдөж байна. Инфляцийн түвшин дунд хугацаанд харьцангуй тогтвортой байхаар төсөөлж 2014-2016 онд зургаа орчим хувь байлгах боломжтой гэж үзэж байгааг Н.Батбаяр сайд онцолжээ. Байнгын хорооны гишүүд 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар сонсч,  олонхийн саналаар тус асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн  Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн ажээ  Энэхүү зээлийн хэмжээ найман тэрбум иен (85 сая ам.доллар) хүртэл, ам.доллар эсхүл иенээр олгох бөгөөд зээлийн хугацаа 11.5 жил байхаар тусгасан байгаа гэнэ. Зээлийн эх үүсвэрийг дотоодын арилжааны банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийн хүсэлт дээр үндэслэн тэдгээрт зээл олгох хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Байнгын хорооноос зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 
Түүнчлэн байнгын хорооны дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан “Оюутолгой”-д шалгалт хийх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Ажлын хэсэг нь 3-4 хүнтэй байх бөгөөд ахлагчаар нь С.Ганбаатар гишүүн ажиллахаар болсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш