logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрхийн эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрхийн эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2013/05/15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Сонин, холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нарын өрхийн эмнэлгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

-1999 оноос хойш арав гаруй жилийн дотор өрхийн эмнэлгийн цоо шинэ тогтолцоо Монголд бий боллоо. Энэ нь дэлхийн олон оронд байдаг зөв тогтолцоо гэж бид үздэг. Тавдугаар сарын 19-нд болох Дэлхийн өрхийн эмч нарын өдрийн өмнөхөн хүлээн авч уулзаж буйд талархаж байна. Цаашид өрхийн эмнэлгийг бэхжүүлэх, нэр хүндийг өсгөхөд чухал гэж үзэж буй хэдэн саналаа Ерөнхийлөгчид хүргэхээр бид ирсэн юм.
 
Нэгд өрхийн эмнэлгийн санхүүжилт, үзүүлж буй үйлчилгээний үнэлгээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр өрхийн эмнэлгийн эмч нар хамгийн бага цалин авч, хамгийн олон хүнд үйлчилж байна. Нэг хүнд үйлчлэх төсөв нь жилд 12000 төгрөг буюу сард 1000 төгрөг байдаг. Үүнийг бодит байдалд зохицуулж дор хаяж 60 000 төгрөг болгомоор байна. Хоёрт өрхийн эмнэлгийг эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлага байна. Үзлэгт хамрагдагсдын 65 хувийг өрхийн эмнэлэг, 35 хувийг сумдын эмнэлэг хүлээн авч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл  эдгээр эмнэлгээр анхан шатны үзлэгт хамрагдагч өвчтөнүүд 100 хувь үйлчлүүлж байна. Гуравт өрхийн эмнэлгийг хорооны цагдаагийн хэсэг, хороотой хамт нэг байранд оруулсан нь зохисгүй байна. Эмнэлэг бол ариун цэврийн нарийн журам сахидаг байгууллага. Дөрөвт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн хэлбэрийг нь хэвээр үлдээх нь илүү зохистой гэж үзэж байна. Тавд өрхийн эмнэлгээр өдрийн болон нөхөн сэргээх эмчилгээ, лабораторийн шинжилгээг хийдэг болмоор байна. Ингэснээр өрхийн эмнэлэг хүн хүч, тоног төхөөрөмжийн хувьд бэхжихээс гадна хоёрдугаар шатны эмнэлгийн ачаалал 40 хувь буурахаар байгаа юм. Мөн иргэд хүсвэл төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломж бий. Тухайлбал эход харах, зүү тавих, бариа засал хийх зэрэг үйлчилгээ үзүүлж болно. Өөр нэг анхаармаар асуудал бол өрхийн эмнэлгийн эмч нарын 50 хувь нь шинээр төгсөгчид. Үүнээс болж өрхийн эмч нарыг голох нь бий. Гадаад орнуудад хамгийн туршлагатай эмч нар өрхийн эмнэлэгт ажилладаг. Цалин нь ч өндөр байдаг” гэж тэд ярилаа.
 
Ерөнхийлөгч “Эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын хуулиудад өөрчлөлт оруулах замаар өрхийн эмнэлгийг бэхжүүлэх хэрэгтэй юм. Өрхийн эмнэлгийг Ерөнхийлөгчийн хувьд дэмжиж ажиллах болно” гэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш