Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхтэлчин сайд Кобладин Ибрагимович Калыбек итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан улсын Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харьцангуй богино хугацаа өнгөрч байгаа ч хоёр орны харилцааны эрх зүйн тогтолцоо бэхжиж, бүс нутаг, олон улсын хэмжээнд идэвхтэй хамтын ажиллагаа хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улсын Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс хоёр орны хамтын ажиллагаанд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг мөн тэмдэглэлэв.
Элчин сайд К.И.Калыбек НҮБ болон олон улсын хэмжээний үйл ажиллагаанд Монгол Улс Казахстаныг дэмжин ажилладагт талархал илэрхийлж Улаанбаатар-Астана-Улаанбаатар, Улаанбаатагр-Алма-Аты-Астана-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн маршрутыг сэргээх санал аль аль талд байдгийг дурдлаа. Элчин сайд түүхч мэргэжилтэй хүн бөгөөд Монгол, Казахстаны түүхийг судалж байснаа сонирхуулж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй, сайн хөгжиж байгааг хэлж Элчин сайдын ажилд Монголын тал бүх талаар туслахаа илэрхийлэн ажлын амжилт хүсэн ерөөв.