logo
Мөргөлдөөнд амиа алдагсдыг ус руу шидэж байгаа дүрс тавигджээ

Мөргөлдөөнд амиа алдагсдыг ус руу шидэж байгаа дүрс тавигджээ

2011/08/10
Сирийн мөргөлдөөнд амиа алдагсад бололтой хүмүүсийг ус руу шидэж байгаа дүрс вебсайтуудад тавигджээ. Гадаадын сурвалжлагчдыг Сириэс хөөн гаргаад байгаа учир сөргөлдөгч талуудын аль нь ус руу шидэж байгааг хэлэх боломжгүй байгаа ажээ.  Саудын Арабын хаан Абдула Сирийн ерөнхийлөгч Башар Аль Асадыг буруутган өөрийн иргэдийнхээ эсрэг таван сар гаруй хугацаанд үйлдэж байгаа харгислалаа зогсоохыг шаардсан. Гэсэн ч  Башар Аль Асад хаан Абдулагийн шаардлага мэдэгдлийг үл тоон Засгийн газрын эсрэг жагсагчдыг танк, хуягт ашиглан нухчин дарсаар байна. Гадаадын сурвалжлагчдыг Сириэс хөөн гаргасан учир Сирид яухам юу болж байгааг, хэчнээн хүн амиа алдсаныг мэдэх боломжгүй байна. Дэлхийн мэдээллийн агентлагууд зөвхөн вебсайтуудад тавигдсан сонирхогчийн камераар бичсэн дүрс бичлэгийг ашиглан Сирийн нөхцөл байдлын талаар мэдээлж байгаа юм байна.
Саяхан YUOTUBE сайтанд тавигдсан дүрс бичлэг дэлхийг цочроосон байна. Сирийн Засгийн газрыг дэмжигчид бололтой хүмүүс хямрал мөргөлдөөнд амиа алдсан жагсагчдыг ус руу шидэж урсган мөрөө баллаж байгаа дүрс бичлэг тавигдсан байна. Өнгөрсөн 7 хоногт Сирийн Хама хотод болсон харгислал олон ээж, аав, хүүхдүүдийг салгаж, өнчрүүлжээ. 1982 онд одоогийн ерөнхийлөгч Башар Асадын эцэг Хафес Асад, Лалын ахан дүүс бүлгийн зохион байгуулсан Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг харгисаар цус асгаруулан дарж байсан. Одоо түүний хүү Башар Асад аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, харгис дэглэмийг эсэргүүцсэн жагсагчдын эсрэг цус асгаруулж байна. Идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар Засгийн газрын цэргүүд танк, хуягт ашиглан Хама хотын эмнэлэг, сургууль, орон сууц олон нийтийн газар руу хайр найргүй галласаар байгаа юм байна. Энгийн иргэд өөрсдөө хорогдох байр барин танк их бууны сумнаас амь гарахыг оролдож байна. Харин Сирийн төрийн мэдлийн телевизээр зэвсэгт бүлгүүд эмх замбараагүй байдал үүсгэж энгийн иргэд болон Засгийн газрын цэргүүд рүү гал нээж байна гэж мэдээлж байна. Мөргөлдөөнд амиа алдсан хүмүүсийг гүүрэн дээрээс ус руу шидэж байгаа дүрс бичлэгийг YUOTUBE сайтанд байрлуулсан нэгэн, Башар Асадыг дэмжигчид, амиа алдсан жагсагчдыг шидэж байна гэсэн тайлбар тавьжээ. Харин Сирийн төрийн мэдлийн телевизээр бичлэгт гарч байгаа хүмүүс зэвсэгт бүлэглэлийнхэн бөгөөд амиа алдсан аюулгүй хүчний цэргүүдийг шидэж байна гэж тайлбарласан байна. Харин бие даасан нэгэн идэвхтэн дүрс бичлэг дээр гарч байгаа гол бол Хама хотын ойролцоох гол мөн болохыг батлаад усанд шидэгдэж байгаа хүмүүс бол Сирийн тагнуулын байгууллагын ажилтнууд гэсэн тайлбар өгсөн байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш