МЗХ өнгөрсөн 2012 оноос эхлэн хүүхдийн паркийн газрын асуудлыг сөхөж, фэйсбүүк, твиттер цахим мэдээллийн сувгийн хүрээнд “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтийн дэмжлэгийг авч, хүүхэд залуучуудад зориулалтаар нь ашиглуулах тухай нийслэлийн захиргаа болон аж ахуйн нэгжүүдэд хүчтэй шахалтыг үзүүлж байгаа. Тэгвэл саяхан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хандаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа сувгаар ҮСАХ-ийн тоглоомын үнэ өссөнтэй холбогдуулж, иргэдийн санал гомдол их ирж байгаа тул ҮСАХ ХХК нь зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч мөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлсэн байна. Мөн түүнчлэн тус албан бичигт “өрсөлдөөний тухай хуулийн дагуу тоглоомын үнийг тогтоож, нэмэлтийг хянаж, хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээг шуурхай авч өгнө үү” хэмээжээ. Тэгвэл уг албан бичиг аль хэдийн О.Магнай даргад очжээ. Тэрээр “Ойрын үед шийднэ. Судалгаа эхэлсэн. Хүүхдийн баяраас өмнө амжиж шийдэхээр ажиллаж байна” гэсэн хариултыг жиргээгээр дамжуулан өгсөн байна. Юутай ч хүүхдийн баяраар паркийн тоглоомын үнэ 20 000 төгрөгт хүрнэ гэсэн мэдээлэлд гомдолтой байсан иргэдэд сайн мэдээ дуулдах нь ээ.