Канадын уул уурхайн “Turquoise Hill Resources” болон түүний хувьцааны дийлэнхийг эзэмшигч “Rio Tinto” групп “Оюутолгой” төслийг санхүүжүүлэх дөрвөн тэрбум ам.долларын зээлийн гэрээг ирэх сарын сүүлчээр байгуулах бололтой. Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд анхны зэсийн баяжмалаа гаргасан уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 5.1 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн тооцоолж буй. Эл хөрөнгийг босгохын тулд “Rio Tinto” групп өнгөрсөн хоёрдугаар сард Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац зэрэг томоохон байгууллагуудаас зээл авахаар болсон билээ. Харин дөрөвдүгээр сарын 17-нд тэд Канадын экспортын хөгжлийн удирдах зөвлөл, Австралийн экспортын санхүүжилт, даатгалын корпорац, АНУ-ын Экспорт, импортын банк зэрэг олон улсын 15 банкнаас зээл олгох зөвшөөрөл авч, талууд амлалтын гэрээг үзэг лэжээ. Гэхдээ төслийг санхүүжүүлэх эцсийн шийдвэрийг манай Засгийн газрын төлөөлөл багтсан “Оюутолгой” компанийн ТУЗ-өөс гаргахыг “Turquoise Hill” компанийн зүгээс тэмдэглэсэн байна.