Дэлхийн кино ертөнцөд нэр хүндээрээ Оскарын шагналын дараа бичигдэх 66 дахь удаагийн Каннын кино наадам өчигдөр нээлтээ хийжээ. Энэ удаагийн наадам нэрт найруулагч Баз Лурманы “The Great Gatsby” киногоор ёслол төгөлдөр эхэлсэн бол Францын найруулагч Жером Саллегийн “Zulu” бүтээлээр хаалтаа хийх юм байна. Наадмын зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жил Каннын кино наадмын хамгийн том шагнал болох “Алтан далдуу мод”-ны төлөө 20 бүтээл өрсөлдөж байгаа аж. Түүнчлэн наадмын ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэрт найруулагч Стивен Спилберг ажиллах бол Шинэ Зеландын найруулагч Жейн Кэмпион богино хэмжээний кино бүтээлийг шалгаруулах шүүгчдийг ахалж байгаа гэнэ. Харин уг арга хэмжээний нээлт болоод хаалтын ёслолыг хөтлөх хүндтэй үүргийг Францын алдарт жүжигчин Одри Тоту хүлээсэн байна. Каннын кино наадам энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх аж.