Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, ОБЕГ-ын хамтарсан “Хяналт" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд Баянхонгор сумын А зэрэглэлийн бүсэд мөнгөн ус алдагдсаныг илрүүлсэн. Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд мөнгөн ус алдагдсан тухайн обьектын ойр орчмын хөрсөнд хуулалт хийж, агаарын шинжилгээ хийж, хорт бодисын бүрэн саармагжуулалт хийсэн гэж мэдэгдэж байсан. Гэвч хүний эрүүл мэндэд онц хортой гэгддэг мөнгөн усны хор уршиг бүрэн саармагжаагүйг тухайн орчин тойронд амьдарч байгаа иргэдэд хийсэн эрүүл мэндийн шинжилгээгээр нотлогдсон байна. Мөнгөн ус алдагдсан газарт ажиллаж амьдарч байсан 10 хүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээ хийхэд хоёрынх нь бие махбодод мөнгөн усны хор сөргөөр нөлөөлсөн болох нь тогтоогдсон тул тэр орчмын 50 хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан Эрүүл мэндийн сайд Н.Удвалд уламжилжээ. Эрүүл мэндийн яам энэ асуудлыг авч хэлэлцээд Баянхонгор аймагт энэ сарын 19-23-ны өдрүүдэд эрүүл мэндийн шинжилгээний баг томилон ажиллуулахаар болсон байна.