Монгол Улсын хүн амын амьжиргааны төвшин, ядуурлын талаарх бодитой тоо, мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцож тэдгээрийг шинэчлэх зорилгоор Үндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн жил бүр ядуурлын үзүүлэлтүүдийг улс, бүсийн төвшинд тооцож гаргаж ирдэг уламжлал тогтсон билээ. Энэ дагуу дээрх судалгааны 2012 оны үр дүнд үндэслэн тооцсон ядуурлын төвшний талаарх мэдээллийг ҮСХ-ноос өнөөдөр танилцуулав. Хэвлэлийн бага хуралд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс, тус банкны эдийн засагчид, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Судалгааны дүнд үндэслэн Монгол Улсад ядуурлын төвшин 2012 оны эцсийн байдлаар 27,4 хувьтай байна гэж дүгнэжээ. Энэ нь өмнөх жилийн 29,8 хувьтай харьцуулахад ялимгүй буурсан үзүүлэлт бөгөөд ядуурал буурсныг албаны хүмүүс баялгийн хуваарилалт, ажилгүйдэл бага ч болов буурсан, мөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээж буй баялгийн хувь хэмжээ нэмэгдсэн гэсэн гурван үндсэн шалтгаантай холбон тайлбарлаж байна. Судалгаанд улсын хэмжээнд 111232 өрхийг түүврээр сонгон хамруулж, орлого, зарлагыг тооцож, ядуурлын төвшинг тогтоожээ. Ингэхдээ өрхийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ 118668 төгрөгөөс доош бол тухайн өрхийг ядуу гэж үзсэн байна. 2010 онд өрхийн дундаж орлого 813 мянган төгрөг байсан бол 2013 оны эхний улирлын байдлаар 954 мянга байгаа тул өрхийн нэг гишүүнд ногдох 118668 төгрөг нь доогуур үзүүлэлт гэдгийг албаны хүмүүс онцлов.