Монгол Улсын Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх үүрэг, чиглэлийг Уул уурхайн яаманд өгсөн. Манай улсын газрын тосны олборлолтын хэмжээ нэмэгдэж, экспортлогч орны тоонд орсон явдал нь өөрийн газрын тосны бааз сууринд үндэслэн нэрийн бүтээгдэхүүнтэй болох боломжийг бүрдүүлсэн. Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж эхлэх шатандаа байгаа бөгөөд цаг хугацааны хувьд бүтээгдхүүн үйлдвэрлэх хүлээлт үүсгэх тул үүнийг наашлуулах зорилгоор 2013 оны эхээр хуралдсан Монгол-Хятадын Засгийн газар хоорондын салбар хуралдааны үеэр өөрийн газрын тосыг бүтээгдхүүн болгон авах саналыг БНХАУ-ын талд тавьсан юм. Хятадын “CNPC” компанийн харъяа Хөх Хотын боловсруулах үйлдвэр нь 2012 оны сүүлээр өөрийн өргөтгөлийн ажлыг дууссан болон манай тосны нийлүүлэлт тус үйлдвэрийн жилийн хэрэгцээт тосны 8 хувийг хангах хэмжээнд хүрсэн зэрэг хүчин зүйлийг харгалзан тус үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг 2013 оны 4 сард хийсэн байна.
Энэ дагуу манай дотоодын шатахуун импортлогч “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниудын шатахуун түгээх станцуудаар өөрийн орны газрын тосноос гаралтай шатахууныг өнөөдрөөс борлуулж эхэллээ. “Монгол-93” шатахууныг худалдаанд гаргах нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газар, УИХ-ын гишүүд оролцож, Ерөнхий сайд анхны хэрэглэгч болох “Улаанбаатар такси” компаний машиныг шинэ бензинээр цэнэглэлээ. Олон жилийн өмнө Монгол улсын анхны ерөнхийлөгч газрын тостой боллоо гээд энгэрээ мялааж байсан бол өнөөдөр өөрийн гэсэн шатахуунтай болж байна. Цаашдаа бид өөрсдийнхөө бинзенийг ахиу хэрэглэдэг болохын тулд нийлүүлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ. Үнийг өсгөхгүй байх тал дээр Засгийн газар анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ.
Манайх жилд Дорнод аймгийн Тамсагаас БНХАУ руу 400-500 мянган тонн газрын тос нийлүүлдэг. Хөххотын боловсруулах үйлдвэрээс нийлүүлэх “Монгол-93” бензиний үнийг Монгол улсаас БНХАУ-д экспорлож буй газрын тосны үнээр суурь болгож тогтоохоор тохиролцсон байна. Сингапурын хөрөнгийн бирж дээр Монголын газрын тос “Дачин-33” нэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд энэ тосны үнэ өсвөл манайд нийлүүлж буй шатахууны үнэ өсч, буурвал буурна гэсэн үг юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.