logo
“Ерөнхий сайдын 30 минут”-ыг долоо хоног бүр зохион байгуулна

“Ерөнхий сайдын 30 минут”-ыг долоо хоног бүр зохион байгуулна

2013/05/17

Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийж байгаа бол өнөөдрөөс эхлэн пүрэв гариг бүрт  Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулж байхаар боллоо. Энэ арга хэмжээ нь “Ерөнхий сайдын 30 минут” гэсэн нэртэй байх бөгөөд өнөөдөр эхний уулзалтаа хийлээ.   

Өнгөрч буй долоо хоногийн хугацаанд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин, Бүгд Найрамдах Турк улсын Их хурлын дэд дарга Садик Якут нар манай улсад айлчилсан.

Дутуу байгаа орон сууцны барилгыг гүйцээхийн тулд Засгийн газар Монгол банктай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, барилгын компаниудад 380 тэрбум төгрөгийн хөнгөлөлтттэй зээл олголоо. Санхүүжилт авч барилгын ажил эхэллээ.

Гадаад улс орнуудад ажиллаж байгаа Элчин сайд, консулуудтай цахим уулзалт хийлээ. Улс орноо төлөөлж буй энэ хүмүүст гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, Монголын экспортыг нэмэгдүүлэх, суугаа орныхоо шинэ туршлагыг эх орондоо нутагшуулахад хувь нэмэр оруулах үүрэг өгсөн.

 

Манай улс түүхэндээ анх удаа өөрийн гэсэн онгоцтой боллоо. “Монгол 93” автобензин худалдаанд гарлаа гэсэн товч мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өгөөд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт, орон сууцны 8 хувийн хүүтэй зээл, ОХУ-ын Төмөр замын ерөнхийлөгч Якунины айлчлал, хаврын тариалалтын талаар тэд сонирхож байлаа.        

Якуниныг хүлээн авч уулзсан. Монгол Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэвтрүүлэх чадвар болон Монголын нутгаар дайран өнгөрч байгаа ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, үүний тулд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлье гэсэн тодорхой санал тавьсан. Энэ тал дээр хамтарч ажиллана. 

Даваа гариг бүрийн 17 цагаас Ерөнхий сайдын өрөөнд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлаар тусгай цаг төлөвлөсөн. Хаана, юу саатаж байгаа талаар шуурхай ярилцаад гарц хайж асуудлыг шийднэ.

Иргэд хашаа байшингаа барьцаалан зээл авснаас эрсдэлд орж байгаа, тиймээс баригдсан байр, орон сууцанд зээл өгнө гэсэн чиглэлийг Засгийн газар баримталж байгаа. Түүнээс биш иргэдийн авсан зээл орон сууц барих хөрөнгө болж болохгүй. Энэ нь иргэдийг эрсдэлд оруулж байгаа юм. Тиймээс Засгийн газар нийлүүлэлтэд анхаарч байна. Барилга, орон сууцууд бэлэн болчихбол иргэдэд зээл өгөх асуудал нээлттэй.  Зээлийн хүү нь 8 байна. Барилгын компаниудад 380 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр 20 гаруй мянган айлын орон сууц эхний ээлжинд баригдах боломж бүрдэж байгаа. Барилгын салбарынхныг дэмжих энэ зээл цаашид ч үргэлжилнэ.

Хаврын тариалалтын ажил хэвийн явагдаж байна. Энэ хавар 324 мянган га-д тариалалт хийж, намар хэрэгцээт буудай, төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 60 орчим хувийг хангахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ.

Тавантолгойн хувьцааны талаарх сэтгүүлчийн асуултад “Хувьцаа авсан компаниуд хувьцаагаа буцаая гэсэн санал гаргавал буцааж өгнө. Харин  иргэдийн хувьд бол хувьцаагаа өнөөдөр гаргаад зарвал сая төгрөг хүрэхгүй. Тиймээс хоёр, гурван жил хүлээгээч ээ гэж хүсч байгаа юм. Энэ хугацаанд Тавантолгойн төмөр зам, авто зам, нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, ус зэрэг дэд бүтцийн асуудлыг шийднэ. Ингээд нүүрсний гаралт нэмэгдвэл иргэдийн гар дээр байгаа хувьцааны үнэ өснө” гэж Ерөнхий сайд хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш