logo
Чанартай багш бэлтгэх бодлого хэрэгжүүлнэ

Чанартай багш бэлтгэх бодлого хэрэгжүүлнэ

2013/05/19

Шавийн эрдэм багшаас гэдэг. Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс. 2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авчээ. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт.

Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болжээ. Анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24% нь л эрэгтэй.

Иймд багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70%, түүнээс дээш оноо авбал 100% чөлөөлнө. Мөн элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтална.

Оюутнуудын багшлах дадлагыг зөвхөн нийслэл болон тухайн сургууль байрлах газруудад хийх нь ачаалал нэмж, чанарыг бууруулдаг. Тиймээс багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа.

2012-2013 оны хичээлийн жилд багш бэлтгэдэг төрийн өмчийн гол гурван сургуульд 2550 орчим оюутан элсэн суралцжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн 12 салбар сургуульд 40 мэргэжлээр, Ховд их сургуульд 18 мэргэжлээр, Дорнод дээд сургуульд 7 мэргэжлээр багш бэлтгэж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш