Үндэсний статистикийн хорооноос саяхан улс орны хэмжээнд ядуурлын төвшин ямар хэмжээнд байгааг зарласан. Өнөөдөр нийт хүн амын 27,4 хувь нь ядуу гэсэн тодорхойлолтод багтаж байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн сарын орлого 118 668 төгрөгөөс бага гэсэн үг юм. Ядуурлын судалгааг гаргахад Дэлхийн банкны эдийн засагчид идэвхтэй оролцсон байна. Нийтдээ 11232 өрх айлыг санаандгүй байдлаар түүвэрлэн хийсэн судалгаагаар 2010 оноос хойш ядуурал буурсаар байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин хот хөдөөд ямар ялгаатай байгааг нарийвчлан гаргаагүй юм. Хойшид ядуурлын судалгааг тэгш тоотоо онуудад явуулна гэдгийг ҮСХ-ны дарга С.Мэндсайхан хэлж байна. Тухайлбал 2014, 2016, 2018 онд ядуурлын судалгааг хийх юм байна. Тэгэхээр ядуурлын шугам болгон тогтоосон 118 668 төгрөг 2014 оныг дуустал мөрдөх ажээ.