Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д Ш.Уянга гишүүн өргөн барихад бэлэн болжээ. Уг хуулийн төсөлд ломбард нь үйл ажиллагааны талаар ташаа сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалах, насанд хүрээгүй хүнд зээл өгөх, барьцааны хөрөнгөнөөс шалтгаалан зээлийн хүүг ялгамжтай тогтоох, шөнийн цагаар ажиллахыг хориглосон зүйл заалтуудыг оруулж өгсөн байна. ШӨХТГ-т барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардаар үйлчлүүлээд хохирлоо гэсэн гомдол ихээр ирсэн бөгөөд уг гомдлуудыг шийдвэрлэх явцад барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хянаж зохицуулж байдаг хууль байдаггүй нь иргэдийг хохироох үндсэн нөхцөл байдал үүсгэдэг байсныг тогтоожээ.