МИАТ компани Монгол Улсын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа шинэ онгоц худалдан авсан юм. Боинг үйлдвэрт захиалан хийлгэсэн 220 хүний суудалтай “Боинг 767-300ER” онгоц анхны нислэгээ өнөөдөр 13.00 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хийх гэж байна. 54,9 метр урт, нислэгийн хурд нь 851 км/цаг бөгөөд 220 зорчигч, 12 000 кг ачаатайгаар 11070 километр буулгүй нисэх боломжтой учир 2016 он гэхэд АНУ-руу шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа аж. “Боинг 767-300ER” онгоц нь хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Тухайлбал, бизнес ангиллын 25, энгийн ангиллын 195 суудалтайгаас бизнес ангиллын суудал нь 160 градус хүртэл налдаг, суудал бүрийн урд байрлах дэлгэцээр монгол, гадаад кино, телевизийн хөтөлбөрүүдээс сонголт хийн үзэх, дэлхийн хөгжмийн алдартай цомгуудаас сонсох боломжтой юм байна.