Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургаадугаар сарын 13, 14-ны өдрүүдэд дэлхийд алдартай Нью-Йоркын балетын компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолт хийхээр болжээ. Нью-Йоркийн балетын компани нь Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжгийн компанаар сонгогдон, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт Нуур” бүжгийн жүжгээрээ танигдсан билээ. Энэхүү алдарт компанийн гоцлол найман бүжигчдээс бүрдсэн тоглолтын хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгийн жүжгийн “Хар хун” болон “Цагаан хун”-гийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх гэж буйгаараа онцлог. Тоглолтын хөгжмийг ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг хөгжимдөх аж. “Америкийн бүжгийн одод” тоглолтыг ДБЭТ болон “Саунд оф Монголиа” хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Монре Даатгал, ивээн тэтгэгчээр “Хас” банк, АНУ-ын ЭСЯ, “Мон Эм Импекс” ХК, “Төгөлдөр” сан болон ноён С.Рагчаа нар дэмжин ажиллаж байгаа юм байна.