logo
Хиллари Клинтон Япон сурагчидтай уулзлаа

Хиллари Клинтон Япон сурагчидтай уулзлаа

2011/08/12
Мягмар гаригт Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ оны эхээр тохиосон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн аюулаас амьд үлдсэн Япон сурагчидтай уулзлаа. Клинтон Америкт суугаа Японы элчин сайд Ичиро Фужисаки, бэйсболын шилдэг тамирчин байсан Кал Рипкений хамтаар сурагчдыг төрийн департментад хүлээн авч уулзжээ. Бэйсбол тоглодог 16 настай сурагчид дөрвөн дасгалжуулагчийн хамт Америкт хоёр долоо хоногийн солилцооны хөтөлбөрөөр хүрэлцэн ирээд байгаа юм байна.
Бид Япончуудад гараа сунгаж, дэмжлэг үзүүлж байгаа энэ үед энэ хөтөлбөр бидний хувьд чухал, Япончууд маш тэвчээртэй гэдгээ харуусан, тэд энэ хүнд хэцүү үед нэг нэгэндээ тусалж байна гэж Клинтон хэлсэн байна.
Америк оронтой танилцаж байгаа сурагчид Рипкений бэйсболын академи дээр семинарт сууж, Балтимор Ориолс багийн тоглолтыг үзэх юм байна.
Бэйсболын алдрын танхимын гишүүн Рипкен Японд очиж, газар хөдлөлт, цунамигийн аюулд өртсөн залуу хүмүүстэй уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.
Америк нь спортыг дипломат харилцаандаа ашиглаж байсан түүхтэй улс. Хамгийн алдартай нь гэвэл 1970 –аад оны эхээр АНУ Хятадтай ширээний теннисний тамирчдаа  солилцож байжээ. Энэ нь хоёр орны харилцааг сайжруулж, ерөнхийлөгч Ричард Никсон Хятадад түүхэн айлчлал хийх боломжийг бүрдүүлсэн юм.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш