logo
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа

2013/05/23
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.22/ хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байлаа.

Хэлэлцүүлэг эхлэх үеэр Сангийн сайд Ч.Улаан санхүүгийн салбарын системийг бүрдүүлэх хууль учир ул суурьтай хэлэлцэх ёстой хэмээгээд хуулийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулах горимын санал гаргалаа. Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны болон Засгийн газрын ажлын хэсэг хуулийн мэргэжлийн үг хэллэг, нэр томьёоны ойлголтыг нэг мөр болгох тал дээр хэлэлцэн тогтох, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын тухай асуудлыг тодорхой болгох шаардлага байгааг гишүүдэд тайлбарласан.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүний саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, гарсан хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол Засгийн газар батлагдахаас нь өмнө хуулиа татаж авах хэрэгтэй хэмээсэн.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын тайлбарласнаар, Засгийн газраас өргөн барьсан дээрх хуульд зарим яамдын эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдөн тусгагдсанаас дээрх алдааг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэн засах шаардлага бий болоод байгаа аж. Түүнчлэн хуульд байгаа Хөрөнгийн бирж гэдэг үгийг Үнэт цаас арилжаалах зөвшөөрөл бүхий байгууллага хэмээн солих шаардлага байгаа гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлж байлаа. Ингэж сольсноор Валютын бирж, Хөдөө аж ахуйн бирж зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа тодорхой болох учиртай юм байна.

Гишүүд ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжсэнээр хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш