logo
Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогыг тодорхойлно

Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогыг тодорхойлно

2013/05/23

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран "Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага" сэдвээр зохион байгуулагдаж байгаа олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилт дэвшүүлсэн. Сүүлийн 10 жилийн судалгаагаар Монгол Улсад 200 000 гаруй гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас 16 000 орчим хүн нас барж, 75 000 хүн эрүүл мэндээрээ хохирч, 380 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн баримт байна. Эндээс дүгнэлт хийж цаашид гэмт явдалтай тэмцэх ямар бодлого баримтлах, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь ямар байх вэ гэсэн асуултад энэ удаагийн хурал хариулт өгнө гэдэгт найдаж байна” гэлээ.    

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд дотоодын хууль сахиулах чиг үүрэгтэй төрийн байгууллага, их, дээд сургууль, хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, гадаадын 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. 

Хурлаас Монгол Улсад гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогыг онол, арга зүйн өндөр түвшинд хэлэлцүүлж, хууль сахиулах салбарын шинэтгэлийн хүрээнд боловсруулж байгаа хуулиудын төсөлд гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын санал шүүмжлэлийг авч нэгтгэн зөвлөмж гаргах юм  гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш