logo
Залуусаа, ОРОЛЦЪЁ

Залуусаа, ОРОЛЦЪЁ

2013/05/23

Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яамнаас 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Залуучуудын хөгжил-Шинэчлэлийн бодлого, зорилт Үндэсний чуулганд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатын хэлсэн үг.

Та бүхний  энэ өдрийн амар амгаланг айлтгая!

Дэлхийн дээр өдгөө 3 тэрбум гаруй залуучууд дэлхийн нийт хүн амын тэн хагасаас илүү хувийг эзэлж байгаа бол Монгол Улсад ч мөн  хүн амын 60 орчим хувь нь хүүхэд, залуучууд байгаа нь зөвхөн манай оронд ч гэлтгүй  ертөнц даяар залуучуудын эрин зуун ирснийг илтгэж байна. Массыг эзлэх залуучуудын тулгамдаж буй асуудал өөрөө улс орны асуудал, улмаар улс орны асуудал өөрөө дэлхий ертөнцийн тулгамдаж буй асуудал болон хувирч байна. Тиймээс залуучуудын дуу хоолой, санал бодол төр засгийн чихэнд хүрэхийн сацуу хил дамнан дэлхийн чимээ болон цуурайтдаг эрин үе иржээ.

НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн Дэлхийн Залуучуудын өдөрт хэлсэн үгэндээ :

“Залуучуудын хүсэл тэмүүлэл ажил мэргэжилтэй болох төдийгөөр хязгаарлагдахаа больжээ. Тэд  ширээний ард суугаад тэдний амьдралыг дүрсэлж байгаа бодлого боловсруулалтанд оролцож шийдвэр гаргалтын бүхий л түвшинд тэдний дуу хоолойг бодитойгоор хүргэх цаг нь иржээ хэмээгээд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн та бүгдийг залууст үүдээ нээж, залуучуудын байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн байдаг.

Олон улсын түвшинд залуучуудын оролцоог чухалчилж дэмжиж буй энэ үед Монголын Залуучууд бид Нийгмийн болохгүй бүтэхгүйг хөндлөнгөөс хараад шүүмжлээд засаг төрт гомдоллож, зовлонгоо тоочиж суух биш, өөрчлөлт нь бид өөрсдөө байх ёстой гэж Махатма Гандийн хэлсэнчлэн  өөрчлөхийг  хүсч байгаа зүйлийнхээ төлөө өөрсдөө ханцуй шамлан ажилдаа орж шийдвэрлэх, шийдвэрлүүлэх цаг үе ирээд байна. Тиймээс ч Монголын Залуучуудын Холбоо 2013 оныг АВАРЪЯ – ОРОЛЦЪЁ уриатай жил болгон зарласан.

Аваръя-Оролцоъё уриан дор Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг оролцож шийдвэрлэх зорилгоор зохих арга хэмжээнүүдийг санаачилан эхлүүлээд байна.

Эрүүл байхыг хүсвэл Спиртийг бус Спортыг сонгож залуу насаа АВАРЪЯ, уриатайгаар залуучуудын дунд түгээмэл болсон архидалтын эсрэг тэмцэж, спорт бие бялдрын хөгжлийг дэлгэрүүлэх зорилгоор өнгөргөч 2012 оноос “Спирт үү, Спорт уу” аяныг МЗХ-оос хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдөр бид Монгол Улсын өнцөг булан бүрт очиж залуучуудтайгаа уулзаж байна. Архидалтыг тэд энгийн, байх ёстой зүйл мэт бодож байсан цаг үе ард хоцорч өнөөгийн залуус маань архидалтын эсрэг хатуу байр суурьтай болсон байна.

Шударга бус зүйл, тэгш бус байдал болон хээл хахууль, өргөл барьц, нэхэгсэд бидний амьдарлын замд аалзны тор шиг хүрээлж байна.  Танил тал, бэл бэнчингээрээ биш ухаан мэдлэгээрээ эн тэнцүү бусадтай өрсөлдөж мэргэжил эзэмшиж,  ар  тал ах дүүгээрээ биш авъяас чадвараараа сонгогдож ажилд ордог нийгмийг цогцлоохын төлөө МЗХ-оос “Авлигын эсрэг : Би авахгүй, Би өгөхгүй” аяныг эхлүүллээ.  

Улс төр дахь Залуучуудын оролцоо гэдгийг сонгуульд оролцох, нам улс төрийн хүчинд элсэх,  нам дагаж ам тосдох ойлголтоор хязгаарлагддаг харамсалтай бөгөөд эмгэнэлтэй үзэгдэл нийтлэг болж. Залуучууд бодлого боловсруулах, шийдвэр гаргалтанд оролцож тулгамдаж буй асуудлаа, залуучуудын зөрчигдөж буй эрхээ ил гарган тавьж, өөрчлөхийн төлөө өөрсдөө шаардлага тавьж, санал санаачлага, шийдэх гарц, хувилбараа хэлэлцэж шийдвэрлэх асуудал нэн шаардлагатай байна. 

Болохгүй бүтэхгүй байгаа асуудлын эх үндэс болсон буруу бодлогыг зөв чиглүүлж, Залуучуудад ямар асуудал тулгамдаж байна, яаж шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаарх санал санаачлагыг төрийн бодлогод тусгуулах зорилгоор МЗХолбооноос УИХ дахь Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 2012 онд байгуулсан бөгөөд өдгөө Нийслэл, дүүргүүд дэх ИТХуралд мөн Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Дорноговь аймгийн ИТХ -д Залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдаад байна.  УИХ дахь Залуучуудыг дэмжих Лобби бүлэгт өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг төрийн бодлогод тусгах талаар хүсэлт болгон хүргүүлж ОРОЛЦ, ШИЙДВЭРЛҮҮЛ гэж залуучууддаа хэлэхийг хүсч байна. Ийм учраас Монголын залуучууд бид улс эх орны өмнө тулгамдаж буй асуудал бүрийг хууль болгон гаргах, УИХ-н тогтоол болгон шийдвэрлэх гарц ийнхүү УИХ-д бүрдэж эхэлсэн. Улмаар бичил түвшинд танай орон нутагт, суманд, багт , байгууллагад, сургуульд ямар асуудал байна. Тэр асуудлыг нүд аниж өнгөрөөх биш, өөрсдөө санаачилж залуучууд нэгдэж эрх, ашиг сонирхлоо хамгаалдаг болохыг зорьж үүний тулд байгуулллага бүр ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛӨӨ БАЙГУУЛЖ ОРОЛЦ  гэж нийт залуучууддаа уриалж, боломж олгож байна.

Мэргэжил боловсролтой хүсэл сонирхолтой залуу хүн бүр, өөрсдийн эзэмшсэн ур чадвараа эх орондоо бусад залуучуудынхаа асуудлыг шийдвэрлэхэд зориулаасай гэж бид мэргэжлийн Залуучуудын Хороодоо байгуулж байна. Иймээс МЗХ хэн нэг дарга, байгууллагад зориулах биш ердөө залуучуудын асуудлыг шийдвэрлэхийн тулд залуучуудын хороодыг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр залуучуудын өмнө тулгамдаж буй маш олон асуудлуудыг багцлаад нийт 17 хороо байгууллаа. Эдгээр хороодыг залуучууд маань өөрсдөө удирдаж, гар бие оролцож байна. Хамгийн түрүүнд байгуулагдсан Залуучуудын Спортын хороо”-г МУ-н Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган удирдаж байна. Түүний дараа байгуулагдсан Эрүүл мэндийн хороо”-г Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ахлан ажиллаж байна. Энэ мэтчилэн залуучуудын хороод асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар төр засагтай хамтран ажиллах санал гаргаад ажиллаж байна. Хороондоо элсэж тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлыг уг салбарыг таниж мэдэх чадвартай залуучууд маань шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж,  эмч залуучууд эрүүл мэндийн салбарын идээ бээрийг шахаж арилгахад Эрүүл мэндийн хороогоо хөдөлгөдөг,  Шинжлэх ухаанч залуучууд маань технологийн дэвшлийг угтаж гүйцдэг болохын тулд Шинжлэх Ухааны хороондоо нэгдэн амжилттай ажилладаг болохын тулд  МЗХ-ноос мэргэжлийн хороодыг байгуулж оролцоог хангаж байна.

Залуучуудын өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол ажилгүйдэл гэдэгтэй та бүхэн надтай дуу нэгтэй санал нийлэх байх. Тэгвэл мянга мянган залуусыг уян хатан, тасралтгүй, төрөл бүрийн хөдөлмөрийн хэлбэрийг сонгон ажиллах боломжоор хангахын тулд Монголын Залуучуудын Холбоо Залуучуудын Хөдөлмөрийн Бирж байгуулан оролцож шийдвэрлэхээр ажиллаж эхэллээ. Залуусыг өөрт тохирсон ажил мэргэжлээ олоод энэ хөдөлмөрийн биржийн үүдээр гараасай, улмаар улс орныхоо хамгийн үнэтэй Капитал, Баялаг бүтээгч болж энэхүү Залуучуудын Хөдөлмөрийн Биржийг Монгол орны өнцөг булан бүрт үүд хаалгаа нээж орон нутгийн залуусаа ажил орлоготой болоход тусалж Бидэнтэй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулж ОРОЛЦООРОЙ гэж залуустаа дахин уриалж байна.

Ажил орлоготой байх нь залуучуудад хамгийн чухал асуудал бол үүний дараагаар амьдрах, гэр бүлээ цогцлоох орон байр дараагийн чухал асуудал. МУ-н Засгийн газраас орон сууцны зээлд зориулан 800 тэрбум төгрөгийн төсөв гаргасан. Энэ 800 тэрбум төгрөг бол сүүлийн 20 жилд Монгол Улсын Засгийн Газраас олгосон орон сууцны нийт зээлээс давсан тоон үзүүлэлт болж байгаа юм. Тиймээс ч бид “Авлигагүй орон сууц” төслийг эхлүүлээд байна.

Эдүгээ орон сууц барих газар, зөвшөөрөл, барилгын материал, зээл бүхэн авлигатай холбогдох ёсгүй учраас бидний эхлүүлсэн энэ төсөл нь МУ-н Засгийн Газартай хамтран ажиллах ажлын эхлэл болж байна. Барилгын салбарт бугшсан авлигын тогтолцооны хохирогч худалдан авагчид буюу залуучууд бид байдаг, Залуучууд бид орон сууц худалдан авахдаа хэн нэгэн эрх мэдэлтэнд яагаад авлига төлөх ёстой гэж бид энэ нийгмээс асуух ёстой. Энэ их хүнд суртал авлигыг устгаж эрэлтийг бус, нийлүүлэлтийг дэмжсэн бодлого явуулснаар бидэнд сая орон сууцтай болох боломж бодитоор бүрдэнэ гэж харж байна. Энэ үйл хэрэгт залуучууд бүгд санал бодлоо илэрхийлж  хаана ямар хүнд суртал, хаана ямар авлига оршин байгааг илчилж устгах боломжийг “Авлигагүй орон сууц” төсөл залуучууд бидэнд олгох болно.

Нийгэмд болж бүтэхгүй байгаа аливаа асуудлыг дарагдуулж бүдэгрүүлэлгүйгээр хэлэлцэж шийдвэрлэхийг залуучууд бид илүүд үзэж ажилладаг. Бидний хүүхэд ахуй насны дурсамж шингэсэн Хүүхдийн парк, Залуу техникчдийн ордон зэрэг улс орон даяархи 200 орчим хүүхэд залуучуудын тодотголтой обьектийн үйл ажиллагааг сэргээх, аврах ажлыг санаачилан шийдвэрлүүлэх түвшинд явж байна. Энэ ажилд бид салбарын яамтайгаа хамтран ажиллаж байна. Бид асуудлаас зугтах биш асуудалд оролцож ажиллаж байна. 

Залуу хүн бүр өөрт олдох цагаа үр бүтээлтэй өнгөрөөж шинийг сурч, юм үзэж, нүд тайлж байгаасай гэж би хувьдаа хүсдэг. Тиймээс Монголын Залуучуудын Холбооны дэргэд Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвийг байгуулж залуучуудын аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг бэлтгэн эхнээсээ  худалдаанд гарч байна. Залуучууд бид шинэ соёл шинэлэг бүхэнтэй цаг алдалгүй танилцаж дэлхий ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж дэлхийн соёлыг Монголдоо тарьж ургуулдаг байх ёстой тийм ч учраас МЗХ-оос онцгой анхаарч дэлхийд алдартай хамтлаг дуучдын тоглолтыг өөрийн оронд зохион байгуулж эхлээд байна. Саяхан болж өнгөрсөн Ардчилсан Орнуудын Хамтын Нөхөрлөлийн Чуулганаар олон улсын залуустай санал солилцсон байгаа. Бидэнд олон боломжууд нээлттэй байгаагийн тод илрэл нь дайн дажин, хувьсгал тэмцэлгүй байгаа явдал юм. Бидэнд зөвхөн хийх, оролцох л асуудал байна. Чуулганы үеэр бид Дэлхийн Залуучуудын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргыг урьж Монголын залуусын өнөөгийн байдлыг танилцуулсан. Тэрээр хэлэхдээ Монголын залуучууд эрх чөлөөтэй, төр засагтайгаа хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна хэмээн хэлж байлаа. Бид та бүхний сайн мэдэх Данийн алдарт MLTR хамтлагын тоглолтыг өнгөрсөн 12-р сард амжилттай зохион байгуулсан харин тун удахгүй Дэлхийд алдартай Backstreet boys  хамтлагын тоглолтыг зохион байгууллахаар ажиллаж байна. Монгол залуу хүн Монголдоо дэлхийн соёлоос хоцрохгүй байхын тулд бид оролцож ажиллаж байна.

Энэ мэтээр асуудал бүрийг зөв онцолж шийдлийг хайх аз жаргалтай сайхан амьдралыг цогцлохын тулд Монголын маань мянга мянган залуучууд дуу хоолойгоо нэгтгэн хүсэл зорилгоо илэрхийлэн түүнийхээ төлөө өөрсдөө оролцвол бид бүхнийг зогсоож чадах хүч үгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

Залуу насаа, Зорилгоо, Мөрөөдлөө аврахын төлөө, улмаар мянган мянган залуусын зорилго, мөрөөдлөөс бүтэх эх орныхоо ирээдүйг аврахын төлөө залуучууд та бүхнийг ОРОЛЦ, БАС ДАХИН ОРОЛЦ гэж уриалмаар байна.

Өнөөдөр эх орныхоо өнцөг булан бүрээс цуглаж залуучуудынхаа асуудлыг хамтдаа хэлэлцэж, шийдлийг зөв тодорхойлох боломжийг олгосон Хүн ам, нийгмийн хамгааллын яам болон эрхэм сайд С.Эрдэнэ танд талархсанаа илэрхийлье. 

Баярлалаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш