“Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Эрүүл мэндийн анхан шатны нэгжүүдийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн стратеги, стандарт, бүтэц, үйл ажиллагааны багцыг эцэслэн гаргах энэ зөвлөгөөнд аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн дарга, эмч мэргэжилтэн 400 шахам хүн оролцож байна.
Шинэчлэлийн Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого чиглэл, эхлүүлсэн ажлаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөгөөнд оролцогчдод танилцууллаа. Энэ оны эхээр Ерөнхий сайд салбар яамны удирдлагуудтай хамт бүх шатны эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эмч ажилтнуудын санал санаачилгыг тусгасан шинэчлэлийн бодлого боловсруулаад байгаа. Бугшмал олон асуудалтай энэ салбарын шат бүрт шинэчлэл хийх хэрэгтэй ч төсөв хөрөнгийн хүрэлцээнээс хамааран ээлж дараатай хийнэ. Төсвийн хөрөнгөөр хийх ажлуудаас гадна Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн 30 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар хуваарилсан, түүнчлэн аймгийн төвүүдэд битүү зах барихад 10 тэрбумыг төсөвлөсөн нь ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй шууд бус хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тоос шороотой, тухгүй хүйтэн орчинд ажил үйлчилгээ эрхэлдэг иргэд ая тухтай ажлын байртай болсноор эрүүл мэнд нь хамгаалагдана, бас бараа бүтээгдэхүүний чанар, хадгалалтын нөхцөл сайжирснаар орон нутгийнхны өвчлөлийн гол шалтгааны нэг үгүй болно.
Иргэдийн амь насыг хариуцсан энэ том салбарт шинэчлэл хийхийн тулд Засгийн газар хөрөнгө мөнгөө хүргэх гэж арга ухаанаа зарж байхад төрийн нэр барьсан увайгүй зарим албан тушаалтан төсвөөс хэдэн тэрбумаар нь завшиж байгаатай тууштай тэмцэхээ Ерөнхий сайд хэллээ. “Дарга болохоороо хөгжлийн төлөвлөгөө биш төсвөөс хөрөнгө завших арга боловсруулж ирсэн бусармаг тогтолцоог халахад төрийн албаны доод, дунд шатанд ажиллаж буй та бүхний оролцоо дэмжлэг хамгийн чухал байна. Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан сум бүрт очиж буй хагас тэрбум орчим төгрөгөө юунд, яаж үр дүнтэй зарцуулах вэ гэдгийг дарга биш иргэд санаагаа уралдуулж шийддэг болсон. Эмнэлэгтээ машин авмаар байна гэж Ерөнхий сайдад захидал хаяглах биш сумынхаа удирдлагад хэлээд шийдүүлэх тогтолцоог бүрдүүллээ. Одоо орон нутгийн төсвийн зарцуулалтад саналаа хэлж, шаардлага тавьж, хянаж дүгнэн байгаа газар бүртээ шударга ёс тогтоох эрх та нарт очсон тул оролцоогоо идэвхжүүлээрэй” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарын цөм болсон сумдын төлөөлөгчиддөө захисан юм.
2003 онд болсон анхдугаар зөвлөгөөнөөс хойш 10 жилийн дараа зохион байгуулж буй “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөний оролцогчид тулгамдсан асуудлуудаа хоёр өдрийн турш хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.