Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цайны газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад нэлээд зөрчил илэрсэн бөгөөд мэргэжлийн бус орчинд хүнсний эрүүл ахуй, хадгалалтын ямар ч мэдлэггүй, мэргэжилгүй тогооч хоол бэлтгэдгээс болж хоолны чанарт муу гэсэн үнэлгээ өгсөн байна. Учир нь хоолны дээжийг болсон болон түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг, мөн хөргөгч хөлдөөгч хомс учир түргэн гэмтэж, мууддаг бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалдаг, гал тогооны ариун цэвэр хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Эдгээр зөрчлөөс хамгиин ноцтой нь аяга, таваг, сэрээ, халбага, хоолны хэрэгслийг дутуу угаадгаас болж нян илэрсэн аж. Тодруулбал, 33 хоолны газрын угаасан нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 75.2 хувь нь бохирдолттой гэсэн дүн гарчээ.