logo
УИХ-ын дэд дарга Г.Батхүү: Ээлжит бус чуулган хуралдуулах асуудал одоогоор яригдаагүй байгаа

УИХ-ын дэд дарга Г.Батхүү: Ээлжит бус чуулган хуралдуулах асуудал одоогоор яригдаагүй байгаа

2011/08/12
УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс УИХ-ын  ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодрууллаа. Тэрбээр:
-Ээлжит бус чуулган хуралдах асуудал одоохондоо яригдаагүй байгаа. Уг нь ээлжит  бус чуулган хуралдвал хэлэлцэх асуудал, мэдээж, байгаа. Тухайлбал, 2011 оны төсвийн орлого хангагдахгүй байгаа тул төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа юм.
Тавантолгойн асуудалтай холбоотойгоор ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг сэтгүүлчид ихээхэн сонирхож байна. Энэ бол төсвийн орлоготой холбоотой хүлээгдэж буй чухал асуудал. Тэгээд ч Тавантолгойн асуудал бол улс орны цаашдын хувь заяа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой болохоор энэ хоёр асуудлыг гишүүдийн нэлээд сайн ирцийн бүрэлдэхүүнтэйгээр нухацтай хэлэлцэж байж зөв шийдвэр гаргах ёстой. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл одоо орон нутагт ажиллаж байгаа. Гишүүдийн ирцийг аль болохоор бүрэн бүрдүүлж байж энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй юм.
УИХ-ын сонгуулийн хуультай холбоотойгоор ээлжит чуулган хуралдах эсэхийг асууж байна. Хаврын чуулганы хаалтан дээр УИХ-ын дарга “Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал бол сонгуулийн хууль байх ёстой” гэж хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Сонгуулийн хуулийг санаачлахдаа улс орныхоо улс төр - эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор аль нэг нам юм уу хэн нэг хүний эрх ашигт нийцүүлэхгүй байхад анхаарсан, тэр ч бүү хэл энэ хуулин дээр ажиллаж байгаа ажлын хэсэг бүлгийнхээ бүрэлдэхүүнийг ч өөрчилсөн. Манай орон, ялангуяа ашигт малтмал, уул уурхайн салбар маань гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байгаа энэ эгзэгтэй үед Монголын төр бат, найдвартай байх ёстой. Энэ хуулийн талаарх шийдвэр нь ажлын хэсэгт оролцогчдын ашиг сонирхол,  аль нэг нам, бүлгийн шийдвэр бус, УИХ дахь олонхын шийдвэр болох ёстой. Урьд өмнөх практикаас үзэхэд пропорциональ, можаритар хоёр системийн аль алинд нь алдаа, оноо байсан болохоор Монголын өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд тохирсон холимог хувилбар бүхий сайн хууль батлахаар зорьж байна. Тэгэхдээ энд нэг зүйл тэмдэглэхэд сонгуулийн хуулиасаа илүү сонгууль явуулах процессын хуульдаа анхаарч, түүнийг илүү ойлгомжтой болгох, наанадаж л сонгуулийн насны иргэдийг энэ хуулиараа идэвхжүүлж сонгуульд  ухамсартайгаар оролцох хөшүүрэг болгох нь чухал юм гэлээ.  
Г.Онон
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш