Монголын рок, попын салбарт өөр өөрийн урсгал төрөлдөө анхдагч, манлайлагч нь болж чадсан гурван уран бүтээлч хамтран “Мөнх хөх тэнгэр”-ийн дор нэгдэн шинэ цомгоо өлгийдөн авсан билээ. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар юм. Өнгөрсөн гуравдугаар сард VIP хүрээнд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа тэмдэглэсэн тэд энэ удаад энэ сарын 24, 25-нд 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд “Мөнх хөх тэнгэр”-ээр “Андгай” тоглолтоо дахин үзэгчдэдээ хүргэх байгаа.. Ах, дүү гурав Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нар гээд Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм.