logo
Монголд амьд явах арга алга шив

Монголд амьд явах арга алга шив

2013/05/24
Өнөөдөр сонгуулийн сурталчилгаа, дээдсийн давалгаанд дарагдаад өнгөрөх гээд байгаа нэгэн асуудлын мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Мягмаржавтай уулзлаа. Энэ хүн бол Эко констракшны барилга дээрээс хэд хэдэн төмөр болон хавтангууд унан төв зам дээр явж байсан автобусны дээрээс зоогдсон ЭНЭ үйл явдлын газар дээр анхлан очиж дүгнэлт хийсэн мэргэжлийн байцаагч хүн. Ярилцлагаа дуусгаад гарахдаа нэг л тийм “хэлэх үггүй болно” гэдэг шиг байдалд орлоо. Тэгээд болсон үйл явдал, ярилцлага хоёроо нийлүүлэн өөрийн бодлоо нийтлэхийг хүссэн юм.

1.    Байгаль руу буруугаа чихсэн Монгол

Мягмаржав байцаагчМягмаржав гуайгаас тухайн үед яг ямар явдал болсон юм бэ? гэж асуухад “Тэр өдөр цаг уурын хүрээлэнгээс  5м/с салхитай гэж мэдээлсэн байсан. Тэгээд Экогийнхон ажлаа хийгээд байж байтал гэнэт цаг уурынхны хэллэгээр “өрөвхий” салхи 21м/с хурдтайгар хөдлөөд тэд нар хийж байсан ажилдаа ашиглаж байсан зүйлүүдээ тогтоож чадалгүй унагачихсан юм билээ. Барилга өөрөө 10 давхар хүртлээ тороо татчихсан, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахын тулд нилээд зүйл хийсэн байсан. Тэр юм унасан 11 давхартаа бол хамгаалалт татаагүй байсан. Тэгэхээр чинь энэ барилгын буруу биш болчихоод байгаа юм.Намайг очиход автобус л байсан. Төмөрийг нь сугалчихсан байсан. Надтай хамт манай МХ-ын газарын дарга, орлогч дарга, хөдөлмөр хамгааллын байцаагч Бямбасүрэн /Би энэ хүнтэй асуудлыг тодруулах гэж ярихад байгалийн хүчин зүйл байсан хэмээн нилээд ууртайгаар хариу өгсөн Г.А/ нар хамт очсон.” гэж хариуллаа.

Ингээд бодохоор жолооч хүн мананд явж байгаад хүн юмуу обект мөргөчихвөл байгалийн давагдашгүй хүчин зүйл болох нээ дээ. Би аюулгүйн бүсээ хийчихээд, аваарын гэрлээ асаацан явж байсаан гээд л гүрийчих юм байна. Агаар нэгэн шүү дээ.

2.    Стандартгүй Монгол барилга

BKYsBJ8CMAEJoe8.jpg large copyӨмнөх яриан дээр гарсны дагуу тэр хамгаалалтын торны талаар яриа өрнүүллээ. Хамгаалалтын тор гэж нэрлээд байгаа тэр ногоон, цэнхэр өнгөтэй торнууд нь бид нар ахуйдаа ялаанаас хамгаалахын тулд хэрэглэдэг цонхны торноос нэг их сайнгүй тийм л торнууд байна шүү дээ. Энэ зүйл хэд ч байсан гэсэн тэр том төмөр, хавтангууд чинь цөмлөөд л унана шүү дээ. Тэгээд ч яг халхлах ёстой давхраа халхалж тор татаагүйгээс болоод тэр төмөр болон, хавтангууд төв зам дагуу бүүр эсрэг урсгалд нь хүртэл унасан байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ? гэсэн асуултанд. “Монгол улс өөрөө ийм хамгаалалтын торны стандартгүй юм. Одоогоор бид хамгаалалтын болон тоосны гэсэн хоёр янзын тор ашиглах ёстой гэж байгаа боловч стандарт байхгүй тул алиныг нь ч хамаагүй ашиглаад байна. Гадаадад бол 1см­­2-д 150кг даахуйц хаалт ашиглах ёстой юм билээ.” хэмээн хариуллаа.

Ингээд л хэлэх үггүй болж байгаа юм даа. Магадгүй Эко констракшны буруу биш юм шиг байна. Тор байх ёстой, харагдах ёстой. Байлгасан, харагдуулсан… үүнээс илүү яах юм. Монгол улсад барилгын салбарыг хариуцан түүнийг тойрон эргэлдэж ажиллаж, амьдардаг маш олон төрийн байгууллагууд байна. Тэд өнөөдрийг хүртэл барилгын нэг салшгүй хэсэг болох хамгаалалтын торны стандартыг батлаагүй байгаа нь “юугаа хийгээд байдаг юм бэ?” хэмээн хашгирмаар санагдуулж байна.

3.    Асуудлыг дундаа шидэлдэг Монгол

Яагаад энэ барилга дээр ийм аюултай нөхцөл байдал үүсчихээд байхад, энэ компани өнгөрсөн жил өөр нэг барилга дээрээсээ мөн л төмөр унагаагаад хүний аминд хүрсэн нь тодорхой байхад та нар байгалийн хүчин зүйл рүү чихчихээд ямар нэг арга хэмжээ авч үйл ажиллагааг нь түр ч болов зогсоохгүй байгаа юм бэ? гэсэн асуултанд “Би ажлыг нь зогсоосон. Тэр шөнөдөө тэднийх ажил хийгээгүй шүү дээ” гэсэн хариу өгөв.

2013 оны 05-р сарын 22-ны 18.00 цагын орчимд ахиад л хүчтэй шороон шуурга болох үед уг барилгын ажилчид өнөөх алдарт “барилгын дүрэм” гэдэг зүйлийг нь зөрчин орой дээрх төмөрнүүдээ унагаахгүйн тулд бужигналдаж байсныг ЭНЭХҮҮ мэдээндээ би зураг хөрөгтэй нь тусгасан байгаа. Тиймээс ахиад осол гарч бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйн тулд энэ барилгыг аюулгүй түвшинд хүртэл хамгаалалтаа хийсний дараа үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр зогсоож болоогүй юмуу гэсэн асуултанд “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа шүү дээ. Тэднийх дүгнэлтээ гаргахдаа эргээд мэргэжлийн хяналтанд хандан шинжээч томилон нөхцөл байдлыг тогтоолгодог юм. Ер нь бол энэ миний шалгах ёстой газар биш 17-оос дээш давхар барилгад /энэ барилга 25 давхар болох юм гэсэн Г.А/ МХЕГ хяналт тавих ёстой байсан гэвч тэдний байцаагч нарын зарим нь хөдөө яваад, зарим нь эмнэлэгт хэвтсэн, хүнгүй байна гэсэн учраас би очсон. Яагаад арга хэмжээ аваагүй вэ? гэвэл нэгэнт шүүхийн шатанд шалгаж байгаа учраас шүүх шийдэх болов уу? гэж. 2-рт эрхийг нь яагаад цуцлахгүй байгаа вэ гэхээр Эко констракшин гэдэг байгууллагын зөвшөөрлийг одоогийн Барилга хот байгуулалтын яам олгосон учир тэд л тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой юм. 3-рт барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг одоо бол яам олгож байгаа. Энэ барилгыг эхлэх үед бол МХЕГазраас зөвшөөрөл олгогдсон юм билээ” гэсэн бөв бөөрөнхий хариулт өглөө.

Ухаандаа барилгын асуудлыг хариуцсан улсын байцаагч хүнд бол “томдох” ажил л гэж хэлээд байна. Аюултай нөхцөл байдал үүссэн барилгын үйл ажиллагааг түр зогсоох эрхгүй улсын байцаагчаар одоо яах юм бэ? Тэд нар өнөөх л татвараар цалинжаад бидний төлөө ажиллах ёстой төрийн ажилчид шүү дээ.

4.    Ажлаа хийгээгүй Монгол

Ийм нэг хэн нэг рүү асуудлыг наах гэсэн ярианы эцэст би түүнээс Та анх барилга дээр очиж дүгнэлт хийсэн улсын байцаагч хүний хувьд өөрөө шийдэж чадахгүй бол шийдвэр гаргадаг түвшний албан тушаалтан руу “энэ барилга нь иргэдэд аюултай нөхцөл байдал үүсгэсэн байгаа тул шүүхийн шатанд шийдвэр гарах хүртэл барилгын үйл ажиллагааг түр зогсоож өгнө үү?” гэсэн дүгнэлт, хүсэлт, тогтоол илгээж болоогүй юм уу? гэж асуухад “Хөдөлмөр хамгааллын хувьд манай Бямбасүрэн /Сүхбаатар дүүргийн байцаагч Г.А/ байцаагч дүгнэлт гаргасан байна лээ. Тэдний барилга хөдөлмөр хамгааллын талаасаа нилээд сайн ажил хийсэн байсан тул зөвлөмж өгсөн байгаа юм. Би бол ингээд салхинаас болоод юм унасан байна гэдгийг нь л тогтоосон. Цааших арга хэмжээг нь УМХГ энэ тэр авах ёстой. Тэгээд ч хуулийн байгууллагаа харж, хүлээж байна” гэлээ.

IMG_3935 copyБи ахиад лавлан асуулаа. Энэ Эко констракшин гэдэг байгууллага ард иргэдийг айдаст автуулаад байна. Нэг барилга дээрээс нь унасан төмөр хүн алсан, нөгөөх дээрээс нь унасан төмөр төв зам дээр явсан автобусанд зоогдчихлоо. Хэн гэдэг хүн энэ Нямдаваа гэдэг эзэнтэй Эко констракшин гэдэг айлыг хамгаалаад, яагаад ямар ч арга хэмжээ авахгүй явуулаад байгаа юм бэ? Ард түмэн хариулт хүлээгээд харж байна шүү дээ? гэж асуухад “Эрүү үүсээд явж байгаа хаана үүссэнийг нь мэдэхгүй байна. Ер нь бол барилга барих газрыг олгохдоо хашаа бариад барилгаа барих, үйлдвэрлэл явуулах, материалаа хураах, машинаа зогсоох талбайгүй газар өгчихөөд байна” гэв. Би “барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нь танай МХГ өгдөг биздээ. Энэ болохгүйнээ буруу газар олгосон байна. Энэ барилгыг зөвшөөрөхгүй гээд “гүрийж” болдоггүй юмуу” гэж асуухад “Манайх бүх юм нь хуулийн дагуу байвал хотын архитектор болон хотоос өгсөн зөвшөөрлийг дэмжинэ” гэж хариулав.

Би бодож байна. Энэ нөхөд чинь бүгд халаасандаа орцгоочихсон гэдэг үнэн юм. Нэг нь зөвшөөрсөн бол нөгөөдүүл нь “нүд аниж” ирээд зөвшөөрдөг юм байна. Тэгээд ярилцлагандаа цэг тавихын тулд эцсийн асуултаа “Та газар дээр нь дүгнэлт хийсэн хүний хувьд энэ үйл явлын талаар ямар нэг мэдэгдэл бичиж, хянаж, зогсоож чаддаг айл руу нь санал хүргүүлсэн үү?” хэмээн ахин асуулаа. Тэр хүн “Үгүй” хэмээн хариуллаа. Би ч хэлэх үггүй боллоо доо.

Асуудлын мөрөөр арга хэмжээ авч шат шатанд нь дүгнэлт гаргуулахгүй юм бол тэр хүн яах гэж тэнд очсон болж таарах нь вэ? Нэг бол энэ хүний амыг таглаж ямар нэг зүйл өгсөн болж таарахна уу?

Энэ мэт ажлаа хийхгүй байгаа хүмүүсээс болоод ард түмэн хэдийг болтол айдас хүйдэст автан амь нас, эд хөрөнгөөрөө хохирч явах юм бэ?

Ийм л байна шүү дээ Монголчуудаа.

Анжигай.Г

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш