-Тэр уг нь монгол үйлдвэрийнхээ бензинээр костюмаа мялаах байсан юм-
“Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж батламжаа гардан аваад сонгуулийн сурталчилгаагаа Дорнод аймгаас эхлүүлэхээр хүлгийн жолоо заллаа. Алсын замд гарахын өмнө Яармаг дахь “Шунхлай” шатахуун түгээх газраас Монголоос олборлосон газрын тосоор үйлдвэрлэсэн “Mонгол-93” бензинээр автомашинаа цэнэглэв” гэсэн мэдээ энэ сарын 22-ны орой бүх сонин, телевизээр түгэв.
Ц.Элбэгдорж нэр дэвшигч ярьж байна. “Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны эхний өдөр. Сурталчилгаандаа гарахдаа Монгол нутгийн газрын тос шингэсэн бензинээр машинаа цэнэглэж байна. Энэ бол их бэлгэшээлтэй зүйл. Манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Монголынхоо газрын тосоор дээлээ мялааж угтаж байсныг хүн бүхэн санаж байгаа. Яг энэ шатахуун шиг Монгол Улс цаашдаа гал алдахгүй байх хэрэгтэй. Монгол Улс одоо нефтээ гадагш гаргаад шатахуун болгон эргүүлэн авч байна. Дараа нь эх орондоо газрын тосоо боловсруулж шатахуун үйлдвэрлэдэг болъё” гээд, араас нь . “…Миний хувьд ярьснаа хийдэг, хийснээ ярьдаг” гэж залгуулав. Сайхан ярив.
Нэг явдал бодогдлоо. Одоогоос бараг найман жилийн өмнө дөө. Хошгируулна гэж ярьсан нь телевизээр гарч тун базаахгүй юм болж байв. Хүн бүр л хошгируулж байгааг нь сонсч байв. Харин тэр “о”-гоо “а”-гаар сольж гүрийсээр шуугианыг намжааж байлаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Монгол-93”-аар жинхэнэ хошгирууллаа. Яаж ч бодсон, хаанаас ньч харсан энэ бол зүгээр л нэг монгол нэртэй хятад бензин. Баярлаад, бахархаад костюмаа мялаах шахаад байх явдал ерөөс биш. Монголчууд хориод жил өмнөд хөрш рүү сар бүр 40 мянган тонноор нь түүхий нефтиэ зөөсөөр ирсэн. Мөн энэ хооронд ийм бензин чамгүй ихийг импортолсон. Монгол гэсэн үг орсон гоё нэртэй л болохоос өмнөх жилүүдэд импортоор орж ирдэг байсан жирийн нэг бензин гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Тийм ч биз.
Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхий сайдаар гурван ч удаа ажилласан. Харин Ерөнхийлөгчийн албанд дөрвөн жил суув.
Хэрэв анхны Ерөнхийлөгчийн газрын тосоор дээлээ мялааж байсныг санаж байсан бол, Монгол Улс гал алдахгүй байх ёстой гэж бодож байсан бол, эх орондоо газрын тосоо боловсруулдаг үйлдвэртэй болъё гэж хүссэн бол дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн ажлыг аваад үйлдвэрийн шав тавих байв. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нарын хэлж байгаагаар Японы туслалцаатай Дарханд барих гэж байгаа үйлдвэр гурван жил гаруйн дараа л ашиглалтад орох юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч маань өнөөдөр ярьж байгаагаа 2009 онд сэтгээд, ажил хэрэг болгосон бол өдийд монголчууд нефтиэ эх орондоо боловсруулан, жинхэнэ “Монгол-93”-ыг хэрэглэж суух боломж байлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ч ард түмэн, сонгогчдыг хошгируулах бус хашгируулах байсан юм.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
З.ХҮРЭЛ