logo
Болгарын төрийн гавъяаны одонгоор шагнуулсан анхны монгол хүн

Болгарын төрийн гавъяаны одонгоор шагнуулсан анхны монгол хүн

2013/05/27
БНБолгарУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг тус улсын төрийн дээд шагнал “Мадарски конник” одонгоор шагнуулсан анхны монгол хүн боллоо. “Мадарын морьтон” гэх энэ одонг 1966 оноос хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавъяа байгуулсан гадны иргэдэд олгох болжээ. Одон алт, мөнгө гэсэн хоёр төрөлтэй. Элчин сайд Ц.Ганхуяг нэгдүгээр зэрэглэл буюу алтан одонгоор энгэрээ мялаасан нь түүний өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсаа төлөөлөн хэр ажилласаныг, энэ хугацаанд МУ-ын нэр хүнд Болгарын төрийн төвшинд хаана очсоныг нэг талаар батлан харуулсан гэж болно.

БНБУ-ын Ерөнхийлөгч Росен Плевнелиев өөрийн биеэр шагналаа гардуулсан бөгөөд эхлээд  Монголын элчин сайдад чухам юуны учир энэхүү одонг гардуулах болсноо дуулгасан. Түүний хэлснээр Ц. Ганхуяг “Засгийн газар хоорондын комиссын хурал зохион байгуулан, Парламент хоорондын харилцааг тогтмолжуулж, Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих, Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах, социализмын үеэс угшилтай өрийн асуудлыг шийдвэрлэх зэрэг хэлэлцээрүүдийг амжилттай байгуулж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх”-д үнэтэй хувь нэмэр оруулжээ. Үүнийг бичигчийн хувьд ужигарч удсан Болгарт төлөх өрийн асуудлыг өөрийн улсдаа ашигтай хувилбараар шийдвэрлүүлж чадсаныг нь лав мэдэх юм. Бид зээлээ төлөх боловч тэр мөнгөөрөө Болгарт ХАА-н чиглэлээр 40 гаруй оюутанг тэтгэлэгээр сургахаар болоод байгаа. Мөн ХАА-д шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зөвлөх үйлчилгээ ч нэмж авна. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөө буцаагаад тусламж болгон авахаар  шийдүүлж чадсан байдаг.
14
Энэ сарын 12-нд явагдсан сонгуулиар Болгарт олонхигүй парламент бүрдээд байгаа юм. Тиймээс эвслийн Засгийн газар байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд гол ачаалал зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж буй Ерөнхийлөгч Р.Плевнелиевийн нуруун дээр буй. Сайдад шагнал гардуулахын өмнө Ерөнхий сайдын нэрийг зөвшилцсөн уулзалт болж товлосон цагаасаа хэтрэн биднийг багагүй хүлээлгэсэн юм. Ёслолын танхимд алжаасан байдалтай орж ирсэн Болгарын Ерөнхийлөгчийг манай сайдын “Танай сайхан оронд ажиллах хугацаандаа би зээ охинтой болж өвөө болсон. Энэ нь миний хувийн амьдралд гарсан гайхамшигт нэгэн өөрчлөлт байлаа” гэсэн нь багагүй хөгжөөгөөд авав. Болгарт төрсөн шинэ хүний тухай мэдээ улс төрийн адармаатай тэмцэл, яриа хөөрөөнд умбасан түүний алжаалыг хэсэгтээ тайлах  шиг болсон.

“Мадарын морьтон” одонд хөл доорх арслангаа жадласан морьтой баатар эрийг  дүрсэлсэн байдаг юм байна. Энэ нь ялалт, дийлдэшгүй хүч чадлыг илэрхийлсэн бэлгэдлийн утгатай гэнэ. Тиймээс ч “Мадарын морьтон” нь Болгарын сүр хүчний гол бэлэгдэл билээ.
“Мадара” нь Болгарын зүүн хойно орших тосгон бөгөөд баруун талд нь “Мадарын өндөрлөг” нэртэй үргэлжилсэн урт хадан хясаа бий. Тэнд 100 орчим метр өндөр эгц цавчим хадан дээр газрын гадаргаас дээш 23 метрт гавъяаны одон дээр дүрслэгдсэн морьтой баатрын дүрийг тун ч уран бөгөөд бодитой мэт товойлгон сийлсэн байдаг. Энд нэмж тодруулахад одон дээр арслан, морьтой баатар л байдаг бол хадан дээрх эх хувилбарт хойно нь нохой дагаж, өмнө нь бүргэд дүүлэн нисч байгаагаар дүрсэлжээ. Дундад зууны эхээр буюу 710 онд хаднаа буулгасан гэх энэ гайхамшигт бүтээлийг 1979 онд ЮНЕСКО соёлын биет өвийнхөө жагсаалтад оруулж хамгаалалтад авсан байдаг. 17

Сийлбэрт мөнхөрсөн баатар эрийг VIII зууны эхээр Болгарын эзэнт гүрний төрийг барьж байсан нүүдэлчин угсааны Хаан Тервел гэх таамаг хүчтэй яригддаг аж. Үүнээс улбаалан Элчин сайд Ц.Ганхуяг хоёр орон түүхийн сэжмээр холбоотой байж болзошгүй тухай өгүүлсэн. Тэрбээр “Тервел хааныг нүүдэлчин угсааных байсан гэдэг бол их сонирхолтой баримт.  Болгарчууд өвөг дээдсээ тэнгэр шүтлэгтэй, тэнгэрийг ТАНГРА гэж дууддаг нүүдэлчид байсан гэж үздэг. Одоо ч Болгарчууд жил бүрийн хавар хурдан морь уралдуулдаг.

Гэтэл бид жил бүр наадам хийж морь уралдуулдаг шүү дээ. Мөн Варна хотын “Археологийн музей”-д Хүн гүрний үеийн болов уу гэмээр жижиг монгол гэр хэлбэртэй хэд хэдэн олдвор хадгалагдаж байгаа.  Энэ бүхэн Болгарын өвөг дээдэс Азиас гаралтай нүүдэлчид, тэд хэдэн арван мянгаараа Европт ирж гэр барин, мал маллаж амьдарч аажмаар нутгийн славянуудтай холилдон шинэ үндэстэн үүсгэсэн гэсэн домог яриаг батлах мэт. Тиймээс эдгээр ижил төстэй талуудыг нарийн судалж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах хэрэгтэй  болов уу” гэснийг холбогдох байгууллагууд анхаарна биз ээ.
Дашрамд дурдахад, морьтон баатар тус улсын 1-ээс 50 хүртэлх зоосон мөнгөнийх нь ард мөн дүрслэгдсэн байдаг.

Ж.Баярмаа
Болгар Улс, Софи хот, Софигийн Их сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн докторант

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш